Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Батзул: Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 717 төсөл байгаагийн 93-ынх нь тендер зарлагдсан

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзжээ. 

Хуулийн төслийн талаар Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул "Сангийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын хүрээнд төслийг эцэслэн боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Хуралдаанаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендер шалгаруулалтыг хурдан шуурхай, хүний оролцоо багатай, хариуцлагатай, ил тод явуулах чиглэлийг Ерөнхий сайд тусгайлан өгч, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихыг даалгалаа.

Хуулийн төслөөс онцлон танилцуулбал

  1. Тендер шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр зохион байгуулдаг болох шаардлагатай байна. Төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос авахгүй. Төр өөрийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийдэг болох шаардлагыг дэвшүүлсэн. Энэ талаарх зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. Оролцогч нь цаашид цөөн хэдэн материалыг тендерт бэлдэх бөгөөд ирүүлээгүй материал болон гэрээ гүйцэтгэхэд онцын ач холбогдолгүй баримтаар үнэлгээ хийдэг байсныг үүгээр зогсооно. 
  2. Тендер шалгаруулалттай холбоотой бүх мэдээллийг ил тод болгоно. Үнэлгээний хорооны мэдээлэл, хурлын мэдэгдэл, үнэлгээ, зөвлөмж бүгд ил тод байна. Мөн шалгаруулалт түргэн шуурхай зохион байгуулагдана. Нэг тендер шалгаруулалт зохион байгуулахад дунджаар 20 хоног хэмнэхээр хуулийн төсөлд тусгасан.
  3. Худалдан авах ажиллагаанд оролцогчдыг хариуцлагажуулах зорилгоор хууль тогтоомж зөрчиж, бусдад давуу байдал олгосон нь тогтоогдвол Эрүүгийн, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн гэрээгээ гүйцэтгээгүй, хугацаагаа хэтрүүлсэн аж ахуйн нэгжийг эцсийн эзэмшигчийнх нь хамтаар Хар жагсаалтад бүртгэнэ.
  4. Эх оронч худалдан авалтын хүрээнд дотоодын үйлдвэрлэлийн барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгаад байна" гэлээ. 
Түүнчлэн "2022 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний 717 төсөл шинээр эхлэхээр байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар 93-ынх нь тендер зарлагдсан байна. Өнгөрсөн оны мөн үед нэг л тендер зарлагдсан байсан" гэв.

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/akXcN-SquD/