Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилийн ёслолын буудлага үйлдээд цагдаад алагдсан хэрэг АНУ-д гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Охайо мужийн Кантон хотын оршин суугч эрэгтэй шинэ оны эхний өдөр хувийн галт зэвсгээрээ ёслолын буудлага үйлдээд цагдаад буудуулж алагдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал 46 настай Жэймс Уилльямс шинэ оны эхний өдрийн өглөө гэрийнхээ гадаа хуулийн дагуу эзэмшдэг АR-15 хагас автомат буугаар тэнгэр рүү чиглүүлэн ёслолын буудлага үйлджээ.

Энэ нь тэдний хувьд төдийгүй хөршүүдийнх нь хувьд жил бүр үйлддэг уламжлалт ёс болохыг түүний гэргий Маркетта Уилльямс орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Гэтэл ойролцоо эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн офицер ямар нэг анхааруулга өгөлгүйгээр Уилльямсыг буудаж, хүнд шархдуулжээ.

Цагдаа түүнийг зэвсэглэсэн аюултай этгээд өөдөөс нь гал нээж байна гэж үзээд ийм арга хэмжээ авсан байна. Уилльямсыг гэрийнхэн нь эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураасан гэнэ.

Тэрбээр дөрвөн охины ааваас гадна хоёр дагавар хүүхэдтэй хүн байжээ.

Охайо мужийн Мөрдөн Байцаах Алба цагдаагийн болон хохирогчийн хэрэглэсэн галт зэвсгүүд, цагдаагийн энгэрт зүүсэн хяналтын камер зэргийг баримт болгон хурааж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Журмын дагуу хэрэгт холбогдсон цагдаагийн офицерыг ажлаас нь түр чөлөөлжээ.

Зөвхөн 2019 онд АНУ даяар галт зэвсгийн улмаас 39,707 хүн амиа алдсан байдаг. Эдгээрийн 60 орчим хувь нь амиа хорлосон тохиолдол байсныг албаны тоо баримт харуулж байна.

Үүнээс гадна АНУ-д жил бүр дунджаар 115,000 орчим хүн бууны суманд шархадсан тохиолдол бүртгэгддэг ажээ.

 

Эх сурвалж: Associated Press