Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Японы хэвлэлд нийтлэгдсэн татвартай холбоотой хэргийн тухай мэдээнд Д.Дагвадоржийн нэр дурдагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Япон улсын долоо хоног тутмын Шукан Буншун сэтгүүл Нихон их сургуулийн ерөнхийлөгч асан Хидетоши Танакагийн татварын хэрэгтэй холбоотой мэдээг өнгөрсөн долоо хоногт нийтэлжээ.

Шукан Буншун нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг, Японы нөлөө бүхий хэвлэл юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Токиогийн Прокурорын газрын Мөрдөн байцаах тусгай тасаг 2018-2020 оны хооронд 53 сая иений ($457,000) татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Танакаг баривчилж байжээ.

Есдүгээр сард тус тасаг Танакагийн гэр болон ажлын байранд ажиллагаа явуулахад 200 сая иен бэлнээр олдож байсан аж.

Танака нь хувийн өмчит Нихон их сургуульд 1969 оноос ажиллаж эхэлсэн ба 2008 онд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлөгдөж байжээ.

Мөрдөн байцаагчид түүний хэргийг шалгах явцдаа Монгол улстай гүнзгий холбоотойг нь илрүүлсэн тухай Шукан Буншун мэдээлсэн байна.

Тухайлбал, мэргэжлийн сүмогийн аварга асан, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны үүсгэн байгуулагч Д.Дагвадоржтой холбоотой болохыг нь тогтоосон тухай мэдээлжээ.

Танака сүмо бөхийн Нихон Дай Сүмо клубийг удирддаг, клубтээ Монголоос бөх шалгаруулж авдаг, Монголд зочлоход нь Д.Дагвадорж хүлээн авдаг байсан тухай уг мэдээнд өгүүлсэн байна.

Мөрдөгчид Танакагийн Монгол дахь хэлхээ холбоог үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байгааг мөн дурджээ.

 

Эх сурвалж: bunshun.jp