Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амгаланбаатар: Говь-Алтай дараагийн "дэлбэрсэн" аймаг болох магадлалтай байна

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Говь-Алтай аймагт ашигт малтмалын лиценз ашигладаг үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн бизнес эрхлэгчидтэй тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өнөөдөр Улаанбаатар хотод уулзалт зохион байгууллаа. 

"Алтайн хүдэр компани манай аймагт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа ч орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулаагүй"

Тэрбээр уулзалтын эхэнд "Өнөөдрийн уулзалтаар хуулийн хүрээнд хамтран ажиллаж орон нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг ярих юм. 

Үндсэн хуульд зааснаар газрын доорх баялаг төрийн өмч бөгөөд ард түмэн эндээс хувь хүртэх эрхтэй. Би аймгийн Засаг даргын хувьд ард иргэд болон төрийг төлөөлж өнөөдрийн уулзалтад оролцож байна. 

Манай аймаг 18 сум, 2 тосгон, 88 багтай. 16 мянган өрх, 58 мянга гаруй иргэнтэй. Эдийн засгийн голлох салбар мал аж ахуй бөгөөд уул уурхайн салбар шинээр орж ирж байна. Тиймээс одоогоос нэгдсэн бодлоготой байхгүй бол дараагийн "дэлбэрсэн" аймаг болох магадлалтай. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байж, нухацтай байх хэрэгтэй байна. 

Манай аймагт хөдөлмөрийн насны 36 мянган иргэн байгаагийн 11 мянган нь ажилгүй иргэн байгаа юм. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хамгийн эхэнд та бүхнээс хүсэх зүйл бол нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж орон нутгийн хөгжилд зарцуулахыг хүсэж байна. 2019 оны арванхоёрдугаар сард 50 ААН-ийн төлөөлөл 70 гаруй хүнтэй уулзалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Харамсалтай нь өнөөдөр хүртэл та бүхэн энэ гэрээг биелүүлсэнгүй. ААН-үүдийн эзэмшил өөрчлөгдсөн ч гэсэн Говь-Алтай аймагт байгаа лиценз чинь хэвээрээ байж байгаатай адил аймгийн удирдлага өөрчлөгдсөн ч гэсэн гэрээ байж байгаа учраас үүргээ биелүүлээч ээ гэж хүсэж байна. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ энэ оны нэгдүгээр улиралд багтаад биелүүлнэ үү. Гэрээний чинь дагуу нэхэмжлэхийг бид өгнө. 

Гэрээгээ биелүүлэхгүй байгаа компаниудын нэг нь Алтайн хүдэр ХХК. Тус компанитай 7 жилийн өмнө хийсэн гэрээнийхээ биелэлтийг одоо болтол нэхээд л сууж байна. Манай аймагт уул уурхайн эхний жишиг ингээд буруу тогтчихсон учраас ард иргэдийн хувьд сөрөг ойлголттой байгаа. Алтайн хүдэр компани манай аймагт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа боловч орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулаагүй. 

Бидний зүгээс баруун бүсээр Ази Европыг холбосон дөт зам бий болгох, иргэдийг хямд чанартай импортын бараагаар хангах зорилгоор Нарансэвстэй боомтыг нээх хүсэлтээ гаргаад байгаа. Тус боомтыг Алтай хоттой холбох авто замын ажил дээр та бүхнийг санаачилга гаргаж, дэмжлэг үзүүлээч гэж хүсэж байна. Одоо Бургастайн боомт дээр 2 сая орчим тонн төмрийн хүдэр бөөгнөрчхөөд байгаа. Нарансэвстэй боомт бол та бүхний олборлосон эрдсийг гадаад зах зээлд гаргах хамгийн дөт зам болох юм. 

Цаашдаа тал талдаа ашигтай хамтарч ажиллахыг уриалж байна. 

Нэг тэрбум мод тарих аяны хүрээнд Говь-Алтай аймаг 108 сая мод тарих амлалт авсан. Та бүхнийг энэ ажлыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө багтаан идэвх, санаачилгатай байгаарай" хэмээн ярилаа.

Одоогийн байдлаар Говь-Алтай аймагт алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмалын 86 орд, 680 гаруй илрэл бүртгэгдээд байгаа аж. Тус аймагт ашиглалтын 57, хайгуулын 73, түгээмэл тархацтай ашигт малтмалын 9 нийт 139 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4 хувийг эзэлж байгаа юм байна. 

"Шинэ хууль гарсантай холбоотойгоор ярилцаад гуравласан гэрээг байгуулах ёстой байх"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Говь-Алтай аймагт лиценз эзэмшиж байгаа компанийн төлөөлөл н.Бат-Ирээдүй "Би өнөөдрийн уулзалтад гурван компанийг төлөөлж ирсэн. Миний бие Монголын геологийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг давхар хашдаг. Энэ утгаараа салбарыг маш сайн мэднэ. Хоёр жилийн өмнө аймгийн удирдлагуудтай уулзаж байсан. Тухайн үед ярьсан зүйлс ажил хэрэг болоогүй. Үүнд бидний алдаа дутагдал байгаа байх. Бид хайгуулын ажил хийж байх явцад зардал гаргаж, эрсдэл үүрдэг. Тиймээс ойлгож ажиллаарай хэмээн хүсмээр байна. Хайгуулын ажил үр дүнд хүрвэл орон нутаг төдийгүй улс оронд өгөөжөө өгнө хэмээн найддаг. 

Манай компани 2019 оны сүүлээр тодорхой хэмжээний алт мөнгөний орд олж, ашиглалтын лиценз авсан. Хэдийгээр цар тахлын хүнд нөхцөлийг даван туулж байгаа ч ажлаа үргэлжлүүлэхийг хичээж байна. Энэ хугацаанд сум орон нутагтай байнга хамтран ажиллаж ирсэн. Аймагтай гэрээ байгуулах асуудлыг мөн дэмжиж байгаа. Бид харилцан ойлголцож, бие биеэ дэмжин ажиллах нь зайлшгүй шаардлагатай болсон. Энэ бол нийгмийн шаардлага. 2019 онд байгуулсан гэрээний хувьд тухайн үед хүчин төгөлдөр хуулийн хүрээнд асуудал үүсгэхээр байсан. Шинэ хууль гарсантай холбоотойгоор ярилцаад гуравласан гэрээг байгуулах ёстой байх. Нарийн төвөгтэй, маргаантай асуудлыг маш тодорхой ярилцаж тохиролцох хэрэгтэй" хэмээн хэллээ. 

Энэ үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Хайгуулын лицензтэй компаниудаас өндөр дүнтэй мөнгө нэхээгүй. Одоо бидний зүгээс эхний ээлжид 2019 оны гэрээгээр хүлээсэн үргээ биелүүл, дараа дараагийн хамтын ажиллагаагаа ярилцаад явъя" хэмээв. 

Уул уурхайн компанийн төлөөлөл "Та бүхний шаардсан бүхнийг биелүүлэх боломж хомс байна. Харилцан ярилцаад явах хэрэгтэй болов уу. Мөн гаднын хөрөнгө оруулалттай компаниуд шууд гарын үсэг зураад хөрөнгө гаргах боломжгүй байдаг" гэдгийг хэлж байлаа. 

Говь-Алтай аймагт лиценз эзэмшиж байгаа компанийн төлөөлөл н.Өлзийбат "2019 онд Говь-Алтай аймагт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд нийлээд "Алтайн баялаг-хөгжлийн сан" ТББ-ыг байгуулсан. Энэ ТББ нэгдсэн саналаар орон нутагтай харьцах зорилготой. Аймгаас лицензийн төрлөөсөө хамаараад өөр өөр дүнтэй мөнгийг өгөх саналаа бидэнд өгсөн. Бид хэд хэдэн хуралдаад тухайн саналаа мөн өгч байсан. Харамсалтай нь гэрээн дээр бидний санал тусгагдаагүй. Тухайн үед гэрээнд тусгагдсан дүнг шууд компани төлнө гэдэг утгаар би хувьдаа ойлгоогүй. 

Мөн компаниуд сумтай гэрээ байгуулаад ажиллаж байхад давхар аймагтай гэрээ байгуулах хэрэгтэй болж байгаа. Уул уурхайн компаниуд орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө гаргаж өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ хайгуулын болон ашиглалтын лицензийн ялгаатай байдлаас хамааран тогтоох хэрэгтэй болов уу. 

ТББ-ын зүгээс өмнө гаргаж байсан саналаа дахин өгөхөд бэлэн байна" гэдгийг хэлэв