Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дөлгөөн: Ажлын байрыг дэмжих зээлийг нэг их наядаар үргэлжлүүлэх саналыг Монголбанк дэмжихэд бэлэн

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байна. 

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Үйлдвэрлэлээ дэмжих, иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес хийх боломжийг нь олгох тал руу зээл чиглэх үү. Дахиж нэмэгдэх үү. Залуусын хөдөлмөрт бэлтгэх сургалт гээд 500 тэрбум төгрөг тавьсан байна. Энэ яг ямар сургалтууд явсан бэ? Энэ хүнд нөхцөлд сургалт явуулах нь зөв байсан уу? Эсвэл арай өөр нөхцөлөөр залуучуудаа дэмжих нь зөв үү?

Хөдөө аж ахуйн зээл дээр мөн 500 тэрбум төгрөг тавьсан. Энэ зээлийг хэн авч байгаа нь мэдэгдээгүй, хүрэлцээгүй байсан. Тухайн мөнгөнөөс хэдэн төгрөг нь гарсан бэ? Иргэд дандаа энэ зээлийг аваагүй, олдохгүй, хүнд сурталтай байна гэдгийг хэлж байсан.

Аж ахуйн нэгжийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх боломж байна уу?" хэмээн асуув. 

Түүний асуултад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Санхүүгийн тухайн үеийн тогтвортой байдлын хувьд улирал бүр зөвлөлөө хуралдуулдаг. Энэхүү зөвлөл нь Засгийн газрын төлөвлөгөөг дэмжээд, оролцсон. Тухайн төлөвлөгөө банкны салбараар хэрэгжих учраас төв банк хяналт тавих нь зүйтэй гэж үзэн ажлын хэсэг байгуулсан.

Хөдөө аж ахуйн зээлийн хувьд нийт 500 тэрбум төгрөг гаргана гэж төлөвлөснөөс гүйцэтгэлийн хувьд 494 тэрбум буюу 98 хувьтай гарсан. Уг зээлийн гол зохицуулалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас банкуудтай гэрээ хийгээд Хаан болон Төрийн банкны өргөн сүлжээг ашиглан зээлийг олгосон байна. Нийт 40 их наяд төгрөг эргэлдэж байгаагийн 19 их наяд нь системийн зээл.

Дотор нь бүлэглээд үзэх юм бол малчны зээл ойролцоогоор нэг орчим их наяд байгаа. Тэгэхээр бүгдийг нь нөхөж юм уу, гурван хувийн зээлээр солих боломжгүй. Гэхдээ цар тахлын хүнд нөхцөлд ямар нэгэн байдлаар өртсөн мал бүхий иргэдэд тухайн зээл очсон. Зээлийн хувьд банк өөрөө эрсдэлээ үүрэх зохицуулалттай. 

Нийт 6.5 их наяд төгрөг гаргахаас эхний жилд ойролцоогоор 4.3 их наядыг гаргасан байна. Ажлын байрыг дэмжих зээлийг нэг их наядаар үргэлжлүүлнэ гэсэн саналыг өгч байгаа гэж ойлгож байна. Монголбанкны хувьд дэмжиж ажиллахад бэлэн" гэлээ. 

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтыг анх төлөвлөхдөө 500 тэрбум төгрөг тавьсан. Дараа нь салбарын сайд нь бодлогоо гаргаж ирээд 11 тэрбум төгрөгийг 2021 онд зарцуулахаар болсон. Гүйцэтгэлээр 5.2 тэрбум төгрөг залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад гарсан байна" гэв.