Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхмаа: Монголд удамшлын 2,000 гаруй төрлийн өвчин байна. Ачааллыг нь судалж чадахгүй байгаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаанаар "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Бид хүнийхээ тухай ярих цаг болсон. Сүүлийн үед дэлхийн анагаах ухаанд анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтэй болох эмгэгийн талаар их ярих боллоо. Бид их цөөхөн ярьж байгаа. Энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд их олон болсон. Тус эмгэг яагаад ийм олон болов, манай анагаах ухаан оношилж чадахгүй байна уу. Үүнийг хаана хариуцаж, аль эмнэлэгт хандах ёстой вэ?

Жирэмсний үед ургийн эмгэгийг тодорхойлох боломж хомс байна. Тэгэхээр энэ боломжийг бүрдүүлэх нь маш чухал. Гадаадад эмгэгтэй гэдгийг нь урьдчилж мэдээд эцэг эхтэй нь зөвлөөд жирэмслэлтийг таслах эсэхийг шийддэг.

Бид тийм боломж өгөхгүй байгаа. Манай улсад зарим нэг төрлийн эмгэгийг тодорхойлж байна. Гэхдээ энэ нь хязгаарлагдмал. Ингэж иргэддээ зовлон бэрхшээл учруулж байгаа тул байнгын хорооны түвшинд энэ асуудал дээр анхаарал хандуулах ёстой гэсэн ойлголт авлаа" гэлээ. 

Давжаараад байна гэж ярьж байгаа

Түүний асуултад Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, Анагаах ухааны доктор Э.Энхмаа "Хүн ам дахь цус ойртолтын түвшин 25 жилийн үечлэлээр зузаарсаар оргил үедээ хүрэхэд үр дагавар нь төрөл бүрийн байдлаар илэрдэг. Энэ нь манай хүн амд бодитой илэрч байна. Давжаараад байна гэж бас ярьж байгаа. Дэлхий даяар 6,000 гаруй удамшлын өвчин байна гэж бүртгэсэн. Үүнээс хамгийн түгээмэл нь 2,000 гаруй байна. 

Монголын хүн ам удамшлын 2,000 гаруй төрлийн өвчин тусаж байна. Гэтэл тухайн өвчин ямар хэмжээний ачаалалтай байгаа, ямар төрлийн эмгэг аль аймагт ямар давтамжтай илэрч байгааг бид судалж чадахгүй байна.

Тийм лабораторийн боломж бүрдээгүй байгаа. Тэгэхээр энэ тогтолцоог сайжруулах шаардлагатай" гэдгийг хэлэв. 

ЭМЯ-ны эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Э.Оюунсүрэн "2015 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд анагаах ухааны удам зүйн лаборатори байгуулагдсан. Тус лаборатори өнөөдрийн байдлаар молекул генетикийн өндөр түвшинд оношилгоо хийх чадамжгүй.

Зөвхөн хромосомын түвшинд 198 үзүүлэлтээр оношилж байгаа. Байнгын хорооны тогтоолд хүний генетикийн тухай хуулийг оруулж, энэ асуудлыг шийднэ гэсэн зорилгыг дэвшүүлсэн" гэв.