Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хайти улсын ерөнхийлөгч алагдсанаас хойш таван сарын дараа ерөнхий сайдынх нь амь насанд халджээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Хайти улсын ерөнхий сайд Ариэл Анри

Шинэ оны эхний өдөр Карибын тэнгисийн арал улс Хайтийн ерөнхий сайдын амь насанд халдах оролдлого гарсан тухай тус улсын албаны эх сурвалж Даваа гарагт мэдээлжээ.

Хойд бүсийн Гонайвес хотод Хайтийн үндэсний тусгаар тогтнолын 218 жилийн ойг тэмдэглэж байх үед зэвсэгт этгээдүүд ерөнхий сайдын цуваа руу гал нээсэн байна.

Хотын гол сүмийн гадна бие хамгаалагчид ерөнхий сайд Ариэл Анрийг хүрээлж, цаана нь буудалцаан болж буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд таржээ.

Буудалцааны үеэр нэг хүн алагдаж, хоёр хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхий сайдын цуваа руу гал нээсэн байж болзошгүй сэжигтнүүдийг баривчлах ажиллагаа эхэлснийг Хайтийн засгийн газар мэдээлжээ.

Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Хайтид улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж буйг энэ үйл явдал батлан харуулж байна.

Өнгөрсөн оны долдугаар сард тус улсын ерөнхийлөгч Жовенел Мойсе гэртээ байхдаа хөлсний алуурчдын гарт амь үрэгдсэн юм. Аллагын захиалагчийг мөрдөж, илрүүлэх ажиллагаа мухардалд ороод байгаа.

Ерөнхийлөгчийг алагдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа ерөнхий сайд Ариэл Анри улс орноо хямралаас гаргах хүнд даалгавартай үүрэгт ажилдаа орсон юм. Одоогоор Хайти улс алагдсан ерөнхийлөгчийнхөө залгамжлагчийг сонгох дараагийн сонгуулийн хугацааг товлож чадаагүй байна.

 

Эх сурвалж: Reuters