Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын гимнастикч хилээр буцаж гарсан байх гэж Өмнөд Солонгосын тал сэжиглэж байна

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны эхний өдөр хоёр Солонгосын өндөр харуул хамгаалалттай хилийн шугамыг Өмнөд Солонгосын талаас үл мэдэгдэх этгээд зөрчсөн тухай Сөүлийн албаныхан Ням гарагт мэдээлсэн билээ.

Тэгвэл уг этгээдийг 2020 онд Умардаас Өмнөд рүү хил даван дүрвэж ирсэн гимнастикийн спортын тамирчин байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаагаа Өмнөд Солонгосын тал өчигдөр мэдээлжээ.

Тухайн үед уг тамирчин өөрийн онцгой ур чадварыг ашиглан өргөст торон хашааг даван харайж, хил давсан гэгдэж байв.

Шинэ оны эхний өдрийн орой хяналтын камераас ирсэн дохионы дагуу Өмнөд Солонгосын цэргүүд хоёр Солонгосын хилийн зүүн хэсэгт самналт явуулаад дүрвэгчийг илрүүлж чадаагүй юм.

Камерт бичигдэж үлдсэн дүрсийг шинжлээд уг этгээд нь 2020 оны арваннэгдүгээр сард Умардаас хил давж ирсэн дүрвэгчтэй төстэй байгааг тогтоожээ. 2020 онд уг этгээд энэ удаагийнхтай ижил замаар хил давж байсан гэнэ.

30 гаруй насны уг дүрвэгч Өмнөд Солонгост ирснийхээ дараа цэвэрлэгчийн ажил хийж байжээ. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний удирдлагууд дүрвэгч амьд эсэхийг тогтоож чадаагүй ч Умард Солонгосын талд мэдэгдэл өгсөн юм байна.

Умард Солонгосын талаас мэдэгдлийг хүлээж авснаа баталсан ч дүрвэгчийн хувь заяаны талаар ямар нэг хариу мэдээлэл өгөөгүй гэнэ.

Хоёр Солонгосын хилийн шугам маш хатуу харуул хамгаалалттай байдаг тул нэвтрэх боломж бараг байхгүй гэж үздэг. Ихэнх дүрвэгчид Умардаас Өмнөд рүү Хятадын газар нутгаар дамжиж хүрдэг байна.

Харин Өмнөд Солонгосоос Умард Солонгос руу хүн дүрвэсэн тохиолдол маш ховор байдаг.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний удирдлагууд дүрвэгч хэрхэн мэдэгдэлгүйгээр хил давж чадсаныг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC