Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн хий, цөмийн эрчим хүчийг “ногоон” эх үүсвэрт тооцох Европын Холбооны санал маргаан дэгдээв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны дээд удирдлага зарим төрлийн байгалийн хий болон цөмийн эрчим хүчийг “ногоон” эх үүсвэрт тооцох санал боловсруулсан нь маргаан дэгдээжээ.

Санал боловсруулагчид байгалийн хий, цөмийн эрчим хүчийг цэвэр эх үүсвэрт бүрэн шилжихэд дамжлагын шат болох ёстой гэж үзэж байгаа юм байна.

Гэтэл Европын Холбооны томоохон гишүүн орон Герман улс уг санааг хүчтэй шүүмжилж эхэлжээ.

Саналын дагуу зөвхөн стандартын өндөр шаардлага хангасан хий болон цөмийн эх үүсвэрийг байгаль орчинд ээлтэй буюу “ногоон” ангилалд оруулах юм байна.

Тухайлбал цөмийн эх үүсвэр нь хог хаягдлаа хэрхэн хадгалах нарийн төлөвлөгөөтэй байх ёстой гэнэ.

Байгалийн хийн хувьд үйлдвэрлэсэн эрчим хүчний киловатт/цаг тутамдаа хэр хэмжээний нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулах хязгаартай байх юм байна.

Хэрвээ Европын Холбооны гишүүн орнуудын олонх уг саналыг дэмжвэл 2023 оноос эхлэн хууль болж, хэрэгжих ажээ.

Цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг саналд оруулахад Франц улс гол үүрэг гүйцэтгэсэн мэдээлэл байна. Тус улсын нийт эрчим хүчний 70 хувь нь цөмийн эх үүсвэртэй байдаг. Гэтэл ирэх 15 жилийн хугацаанд үүнийгээ тал хувиар бууруулах үүрэг хүлээгээд байгаа.

Өөрөөр хэлбэл 2035 онд 12 цөмийн реактороо унтраах амлалт авсан байна.

Харин цөмийн эрчим хүчний эх үүсвэрээсээ салах чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа Герман улс дээрх саналыг хүчтэй шүүмжилжээ.

Германы байгаль орчны сайд Штеффи Лемке цөмийн эх үүсвэр нь хүрээлэн байгаа орчинд аюултай, асар их хортой хог хаягдал үүсгэдэг тул Европын Холбооны санал “маш буруу” гэж ярьж байна.

Тус улсын эдийн засаг, уур амьсгалын сайд Роберт Хабек дээрх саналыг “ногоон тархи угаалт” гэж нэрлэжээ.

 

Эх сурвалж: BBC