Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Израиль улсад ханиад болон ковидын вирусээр зэрэг халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Covid-19 өвчний вирус, ханиадны вирустэй хосолсон анхны халдварын тохиолдол Израиль улсад илэрсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Халдвар авсан хүн нь вакцинжуулалтад хамрагдаагүй, жирэмсэн, залуу эмэгтэй байсан байна.

Халдварын тохиолдлыг өнгөрсөн долоо хоногийн эхээр Рабины Эрүүл Мэндийн Төвд төрөхөөр ирэхэд нь илрүүлсэн гэнэ. “Өвчтөн ирэхдээ ханиадны болон коронавирусийн давхар халдвартай байсан. Бид дахин шинжлэхэд хоёул эерэг гарсан” гэж тус төвийн профессор Арнон Вижницер орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Өвчтөн эмэгтэйд халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байсан бөгөөд Пүрэв гарагт эмнэлгээс гарсан байна.

Одоо Израилийн эрүүл мэндийн яам хоёр төрлийн вирус зэрэг халдварлахад эрсдэлийн түвшин ямар байхыг судалж байгаа ажээ.

Дэлхийн олон орны эрдэмтэд коронавирусийн хувилбарууд бусад төрлийн вирустэй нийлэхэд ямар эрсдэл үүсэж болохыг судалсаар байгаа. Өнгөрсөн сард Moderna компанийн анагаах ухаан хариуцсан дэд захирал Пол Бартон коронавирусийн Дельта болон Омикрон хувилбарууд нийлбэл илүү аюултай шинэ төрөл зүйл бий болох боломжтойг анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: The Times of Israel