Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодын хэрэгцээгээ хангах зорилгоор Индонез улс нүүрсний экспортоо түр зогсоожээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан станцуудад нь үүсэж болзошгүй хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор Индонез улс нэгдүгээр сарын турш нүүрсний экспортоо зогсоох болсныг шинэ оны эхний өдөр тус улсын засгийн газар мэдээлжээ.

Индонез нь эрчим хүчний нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд хамгийн том хэрэглэгч нь Хятад улс юм. Зөвхөн 2020 онд тус улс 400 сая тонн нүүрс экспортолжээ.

Индонезын нүүрс олборлогчид жилийн олборлолтынхоо 25 хувийг зах зээлийн үнээс хямд үнээр тус улсын төрийн өмчит PLN (Perusahaan Listrik Negara) цахилгаан эрчим хүчний компанид нийлүүлэх үүрэгтэй байдаг.

Нүүрсний экспортыг нэг сарын турш зогсоож, дотоодын нийлүүлэлтдээ төвлөрүүлэхгүй бол цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд саатал гарахаар байгааг Индонезын эрчим хүчний яам тайлбарлажээ.

Гэвч тус улсын олборлогчид засгийн газрынхаа шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлцгээж байна. Тухайлбал нийлүүлэлтэд тасалдал бий болсноор худалдан авагчид нь Орос, Австрали, Монгол улсууд руу хандаж, Индонезын нэр хүнд унах нь тодорхой гэж тэд үзэж байгаа гэнэ.

Индонезын нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс л гэхэд 2021 оны арваннэгдүгээр сард түүхэндээ байгаагүй хэмжээгээр нүүрсний импортоо нэмэгдүүлсэн юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард Индонезын засгийн газар дотоод нийлүүлэлтийнхээ үүргийг биелүүлэхгүй байгаа 34 олборлогчийн экспортыг бас хориглож байжээ.

Тус улс дэлхийн хамгийн том 10 хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг бөгөөд эрчим хүчнийхээ 60 хүртэл хувийг нүүрснээс гаргадаг байна.

 

Эх сурвалж: Reuters