Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд насандаа хулгайлагдсан хятад залуу ой санамжаасаа сэргээсэн газрын зургийн тусламжтай төрсөн гэрээ олжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

30 гаруй жилийн өмнө гэрээсээ хулгайлагдсан залуу өчигдөр төрүүлсэн ээжтэйгээ уулзжээ.

Ли Жинвэй хэмээх энэ залууг гэмт хэрэгтнүүд 1989 онд дөрвөн настай байхад нь Хятадын баруун өмнөд Юннань мужийн Жаотон хотын ойролцоох тосгоноос хулгайлж, төрөлх гэрээс нь 1,800 км зайтай амьдардаг гэр бүлд зарсан юм байна.

Одоо өмнөд Хятадын Гуандун мужид амьдардаг Ли төрүүлсэн эцэг эхээ олох гэж янз бүрийн арга хэрэглээд бүтээгүй ажээ.

Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тэр ой санамжаасаа сэргээсэн төрөлх тосгоныхоо газрын зургийг ТикТок сошиал платформын хятад хувилбарт нийтлээд хүмүүсээс тусламж хүссэн юм байна.

 

Удалгүй Юннань мужийн цагдаагийн газар гар зурагт дүрслэгдсэн тосгоныг, тэнд амьдардаг хүүхдээ алдсан эмэгтэйг олжээ. Эх, үрийн холбоог нь ДНХ шинжилгээгээр баталгаажуулсны дараа Ли өчигдөр анх удаа төрүүлсэн ээжтэйгээ уулзсан байна.

“33 жил хүлээсний эцэст, тоолж баршгүй олон шөнийг нойргүй өнгөрүүлсний дараа, төрөлх тосгоныхоо газрын зургийг ой санамжаасаа ургуулж зурснаас хойш 13 хоногийн дараа би ээжтэйгээ уулзах гэж байна. Төрсөн гэрээ олоход тусалсан хүн бүрд талархлаа илэрхийлье” гэж Ли ээжтэйгээ уулзахын өмнөхөн сошиал хуудсандаа бичжээ.

Хүүхдийн хулгайн гэмт хэрэг Хятадад түгээмэл гардаг. Жил бүр 20,000 орчим хүүхэд хулгайлагддаг гэсэн тоо баримтыг 2015 онд албан ёсоор гаргаж байжээ.

Өрх бүр ганц хүүхэдтэй байх хатуу бодлого, эрэгтэй хүүхдийг өв залгамжлагчаараа сонгодог уламжлалт ёс ийм төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлдөг байна.

 

Эх сурвалж: BBC