Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс жимс, хүнсний ногоог хуванцар материалд савлаж, боохыг хориглож эхэллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Франц улсад жимс, хүнсний ногоог гялгар уутанд савлах, баглаж боохыг хориглох хууль шинэ оны эхний өдрөөс эхлэн үйлчилж байна.

Тус улс ийм арга хэмжээнүүдийг дараалан хэрэгжүүлсээр 2040 он гэхэд нэг удаагийн хуванцар сав боодлыг бүрэн халах зорилготой байгаа юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон шинэ хуулийг “жинхэнэ хувьсгал” гэж нэрлээд дэлхий дахинд анхдагч болж байгааг зарлажээ. Шинэ оны эхний өдрөөс эхлэн Францын супермаркетууд, дэлгүүрүүд өргөст хэмх, гадил, лийр, жүрж, киви зэрэг нийт 30 төрлийн жимс, хүнсний ногоог хуванцар баглаа, боодолгүй зарах юм.

Гэхдээ 1.5 кг-аас дээш жинтэй болон боловсруулсан жимсэнд энэ хууль үйлчлэхгүй юм байна.

Ийм хориг алхам алхмаар хэрэгжсээр 2026 он гэхэд бүх төрлийн жимс, хүнсний ногоо хуванцар сав, баглаа боодолгүй болох гэнэ. 2021 онд Франц даяар худалдаалагдсан жинс, ногооны 37 хувь нь хуванцар баглаа боодолтой байжээ.

Шинэ хориг хэрэгжиж эхэлснээр жил бүр нэг тэрбум гаруй бүтээгдэхүүн нэг удаагийн баглаа боодлоос чөлөөлөгдөж, тэр хэмжээгээр хог хаягдал буурна гэж Францын эрх баригчид тооцоолсон байна.

Тус улсын хөрш Испани улс жимс, хүнсний ногооны нэг удаагийн хуванцар баглаа, боодлыг 2023 оноос эхлэн хориглохоор бэлдэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian