Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Харь гарагт суурьшсан эхний хүмүүс бүтэлгүйтвэл нэг нэгнээ барьж идэх аюултайг судлаачид анхааруулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Харь гарагт суурьшихаар очсон эхний хүмүүс өөрсдийгөө хүнсээр хангаж чадахгүй болсон тохиолдолд каннибализм үйлдэх эрсдэлтэйг судлаачид анхааруулжээ.

Хүн төрөлхтний бусад гараг эрхэст суурьших боломжийг судалдаг Портландын их сургуулийн антропологич, доктор Камерон Смит, Эдинбургийн их сургуулийн астробиологийн профессор Чарльз Кокел нар саяхан Британийн хамгийн олон хувь хэвлэгддэг Метро сонинд энэ сэдвээр ярьсан байна.

Тэдний үзэж байгаагаар хүн төрөлхтөн суурьшихад хамгийн тохиромжтой манай нарны аймаг доторх сансрын биетүүд нь Бархасбадь гарагийн дагуул Каллисто, Санчир гарагийн дагуул Титан гэнэ.

Гэвч эдгээр нь хүрэхэд нэлээд хол тул зайлшгүй тохиолдолд дэлхийгээс хүнсээр хангахад бэрхшээлтэй тулгарах юм байна. Тиймээс эхний ээлжинд дэлхийн дагуул сар болон Ангараг гараг дээр колони байгуулж туршихыг эрдэмтэд хамгийн зөв шийдэл гэж дүгнэсэн байна.

Харь гараг дээр суурьшихад хамгийн том бэрхшээл нь хоол хүнсээ хэрхэн хангах асуудал. Хэрвээ хэт алсын гараг эрхэст суурьшиж, тэндээ хоол хүнсээ бэлдэх оролдлого нь бүтэлгүйтвэл дэлхийгээс нөөц татаж авахад нэлээд хэдэн жилийн хугацаа шаардах ажээ.

Тиймээс эхлээд сансарт өөрийгөө хүнсээр хангах арга технологийг маш сайн туршиж, бэлтгэл хангах шаардлагатайг эрдэмтэд онцолсон байна.

“Колоничлолын систем маш найдвартай ажилладаг байхын тулд өмнө нь сайтар турших хэрэгтэй. Түүхийн сургамж үүнийг харуулж байна. 19 дүгээр зууны дундуур умард туйлыг туулах замыг нээх зорилготой Канадын чиглэлээр аялсан Фрэнклиний экспедиц тухайн үеийнхээ хамгийн сайн технологиудыг хэрэглэж байсан. Тэд тухайн үедээ шинэ технологид тооцогдож байсан лаазалсан хүнсний нөөцтэй аялсан ч замдаа төөрч, өлсгөлөнд нэрвэгдэж, каннибализм үйлдэхэд хүрсэн байдаг” гэж профессор Кокел ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хамгийн шилдэг технологийг эзэмшсэн байсан ч хүмүүс гадаад ертөнцөөс таслагдахаараа сэтгэл зүйн хувьд маш хурдан доройтдог. Хэрвээ хэсэг хүмүүс Каллистод суурьшсаны дараа хүнсний ногоо тариалах модуль нь эвдэрвэл амьд үлдэхийн тулд нэг нэгнээ барьж идэхээс өөр аргагүй болно” гэсэн байна.

Доктор Смит ч түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.

“Хамгийн түрүүнд шийдэх асуудал бол маш найдвартай фермийн системийг бий болгож, их хэмжээний хүнс нөөцлөх юм” гэж тэр ярьж байна.

Түүний үзэж байгаагаар сансрын колонийн эхний суурьшигчдын дунд өнөөдрийнх шиг капиталист эдийн засгийн харилцаа мөд үүсэхгүй гэнэ. “Эхэн үедээ тэнд хүмүүс жижиг тосгод байгуулж, яг дундад зууны үеийнх шиг өөрийгөө тэтгэсэн аж ахуй эрхлэх байх. Тэд өөрсдийн тарьсан ургамлыг идэж, өөрсдийн оёсон хувцсыг өмсөх нь гарцаагүй. Тэд ямар ч хаангүй, цэрэг армигүй байна. Утопи ертөнц гэж хэлэхэд хэцүү ч ийм маягаар хэдэн мянган жил амьдрах байх” гэж доктор Смит ярьжээ.

Тэр бас хоол хүнсний хангамж бусад гараг эрхсийг колоничлоход хамгийн чухал асуудал болохыг онцолсон байна.

Ингэхдээ тэр 1972 онд Уругвайн хөлбөмбөгийн багийг тээвэрлэж явсан нисэх онгоц Андын нуруунд осолдоход амьд үлдсэн хүмүүс сүүлдээ үхсэн нэгнийхээ махыг идэж байсан эмгэнэлт түүхийг жишээ татжээ.

Профессор Кокелын тооцоолсноор хүн төрөлхтөн 30-40 жилийн дараа Ангараг гарагт хүрэх бол үүнээс хойш 100 жилийн дараа Каллистод хүрэх боломжтой болох гэнэ.

Харин доктор Смитийн хувьд энэ зууны сүүлчээр хүн төрөлхтөн өөр гараг эрхэст хүрэх ба тэндээ тогтвортой суурьших чадвартай болох хүртэл хамгийн багадаа 60 жил зарцуулна гэж тооцоолжээ.

Дэлхий дээр амьдрах аргагүй болох тохиолдолд хүн төрөлхтөн өөр гараг эрхэс рүү нүүх нь гарцаагүй гэж профессор Кокел үзэж байна. “Үлэг гүрвэлүүд энэ талаар төлөвлөгөөгүй байсан учраас л сүйрсэн юм шүү дээ” гэж тэр хошигножээ.

 

Эх сурвалж: Metro.co.uk