Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн мафийн анхны эмэгтэй босс 86 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Италийн хүчирхэг мафиудын нэг Каморрагийн анхны эмэгтэй босс болж байсан Ассунта Мареска 86 насандаа таалал төгссөнийг эх сурвалжууд мэдээлжээ.

Пупетта буюу “Бяцхан хүүхэлдэй” хочоороо алдаршсан Мареска 1953 oнд орон нутгийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлж, Ровелианогийн Мисс болж байсан юм. Тэрбээр айлын дөрвөн хүүхдийн ганц охин байсан тул нэлээд эршүүд нэгэн болж өссөн гэдэг.

Мареска 1950-аад оны үед 18 настай, хөл хүнд байхдаа нөхрийг нь алах даалгавар өгч байсан Каморра бүлгийн босс Антонио Эспозитог гэгээн цагаан өдөр Неаполь хотын гудамжинд буудан амийг нь бүрэлгэж байжээ.

1959 онд болсон шүүх хурлын үеэр Мареска шүүгчид “Би дахин алахад бэлэн байна” хэмээн хэлж байсан гэдэг.

Шоронд хүүхдээ төрүүлсэн Мареска 14 жилийн дараа суллагдахдаа хүү Паскуалинотойгоо уулзаж байжээ.

Суллагдсаныхаа дараа тэрбээр өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн кинонд дүр бүтээж, Неаполь хотод бэлэн хувцасны хоёр дэлгүүр нээсэн гэдэг.

Дараа нь тэр хар тамхи, зэвсгийн наймаачин Умберто Амматуротой хамтран амьдарч, ихэр хүүхдүүдтэй болжээ.

Гэвч Амматуро ирээдүйд Каморрагийн тэргүүний суудалд санаархаж магадгүй гэсэн хардлагын үүднээс хүү Паскуалинотой нь дайсагналцаж эхэлсэн байна. 1974 оны нэгдүгээр сард Амматуротой хамт барилгын ажилтай танилцаж явсан 18 настай Паскуалино сураггүй алга болж байжээ.

Амматуро хүүг нь алаад нуусан гэж Мареска сэжиглэж байсан ч ихэр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө тэвчээд өнгөрсөн гэдэг.

1980-аад оны үед Каморра бүлэг доторх эрх мэдлийн төлөө тэмцэлд оролцож, хэд хэдэн аллагад сэжиглэгдсэн Мареска дахин шоронд хоригдож, дөрвөн жилийн дараа цагаатгагдаж байжээ.

Мафийн босс асан эмэгтэй Помпей хотын ойролцоо оршдог Кастелламмаре ди Стабиа тосгон дахь гэртээ өвчний улмаас таалал төгссөн тухай гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлсэн байна.

Өрсөлдөгч Сицилийн Коза Ностра бүлэгтэй харьцуулахад Неаполийн загалмайлсан эхчүүд бүлэг дотроо илүү нэр хүнд, нөлөөтэй байсан гэдэг.

1970-1980-аад оны үед мафийн босс байсан Раффаелийг шоронд хоригдох хугацаанд түүний эгч “Мөсөн нүдэт” хочтой Росетта Кутоло бүлгийг нь удирдаж байжээ.

Өөр нэг эмэгтэй удирдагч “Хар бэлэвсэн эхнэр” хочтой Анна Мацца өөрийн дөрвөн хүүг алуурчин болгож бэлдсэн хэрэгт буруутгагдаж байв.

Неаполийн Форчелла дүүргийн бүлгийн босс Луйжийг шоронд хоригдоход түүний охин дүү, цайвар цэнхэр өнгөтэй нүдээрээ “Celeste” (тэнгэрлэг) хочтой болсон Эрминиа Жулиано үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаад 2000 онд баривчлагдаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian