Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Арнольд Шварценеггер 10 жил хүлээсний эцэст эхнэрээсээ албан ёсоор саллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн од, Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценеггер 10 гаруй жил хүлээсний эцэст эхнэрээсээ салжээ.

Лос-Анжелес хотын шүүх Арнольд Шварценеггер, Мария Шрайвер нарын 25 жил үргэлжилсэн хамтын амьдралд цэг тавих шийдвэрийг өнгөрсөн Мягмар гарагт гаргасныг хэвлэлүүд өчигдөр олж мэдээлсэн байна.

Тэд 1986 онд гэрлэж байжээ. Нөхрийгөө гэрийн үйлчлэгч эмэгтэйтэй явалдаж, хүүхэдтэй болсныг 2011 онд мэдсэн Шрайвер салах өргөдөл гаргаж байв.

Тэдний гэр бүл салалт яагаад ийм удаан үргэлжилсэн нь нууц хэвээр байна.

Шварценеггер, Шрайвер нар өнгөрсөн хугацаанд нам гүм байж, олон нийтийн өмнө ямар нэг мэдэгдэл огт хийгээгүй юм.

Гэр бүл салахдаа хөрөнгө мөнгөө яаж хуваасан талаар ямар нэг мэдээлэл ил болоогүй байна. Тэд насанд хүрсэн дөрвөн хүүхэдтэй тул тэтгэлэг тогтоох болон хэн нь асран халамжлах тухай асуудал яригдаагүй гэнэ.

Бялдаржуулах урлагаар амжилтад хүрсэн Арнольд Шварценеггер сүүлд “Terminator”, “Conan” зэрэг цуврал кино бүтээлүүдэд гол дүр бүтээж дэлхий дахинд алдаршсан юм.

Эдийн засгийн болон эрчим хүчний хямралд орсон Калифорни мужийн сонгогчид 2003 онд Ардчилсан Намын захирагч Грэй Дэвисийг халж, оронд нь Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Шварценеггерийг сонгож байжээ.

Энэ үеэс эхлэн тэр кино урлагаас холдож, хоёр бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын хамгийн олон хүн амтай мужийг захирсан юм.

Захирагчийн албан тушаалаас буухынхаа өмнөхөн тэр 1990-ээд оны сүүлээр гэрийнхээ үйлчлэгч байсан 24 настай Жозеф Баенатай дотносож, хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрч байв.

Улс төрийн карьераа дуусгасны дараа Шварценеггер “Terminator”, “Expendables” кинонуудад дахин дүр бүтээж байжээ.

Мария Шрайвер нөхрийгөө захирагч болсны дараа NBC телевизийн сурвалжлагчийн ажлаасаа гарсан бол сүүлд улс төрөөс гарсных нь дараа дахин ажиллаж эхэлж байв.

Шрайвер нь ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн эмэгтэй дүү Юнис Кеннеди Шрайверын охин юм. Түүний аав Саржент Шрайвер нь Peace Corps байгууллагын анхны тэргүүн, 1972 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байжээ.

Шрайвер, Шварценеггер нар 24-өөс 32 насны дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Катерин Шварценеггер нь зохиолч бөгөөд Холливүүдийн жүжигчин Крис Праттай гэрлэжээ.

 

Эх сурвалж: Associated Press