Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нислэгийн дундуур Америк эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн тул онгоцны жорлонд тусгаарлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Америк багш эмэгтэйгээс нислэгийн дундуур коронавирусийн халдвар илэрсэн тул сайн дураар онгоцны жорлонд тусгаарлагдсан ховор тохиолдлын тухай эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Зул сарын баярыг Исланд улсад өнгөрүүлэхээр Чикаго хотоос ниссэн Мариса Фотео хэмээх багш эмэгтэйн хоолой замдаа гэнэт өвдөж эхэлсэн байна.

Тэрбээр өөрт байсан түргэвчилсэн оношлуураар шалгахад үр дүн эерэг гарсан гэнэ. “Онгоцонд нийтдээ 150 орчим зорчигч явж байсан. Тэдэнд халдвар тараахаас би хамгийн их айж байлаа” гэж Фотео сүүлд ярьжээ.

Дараа нь тэр нисэх онгоцны жорлонд өөрийгөө тусгаарлах шийдвэр гаргасан байна. Ингээд багш эмэгтэй таван цагийн нислэгийг жорлонд өнгөрүүлснээ гар утасны камераараа баримтжуулж, бичлэгээ сүүлд ТикТок хуудсандаа нийтэлсэн нь 4 сая гаруй үзэлттэй болжээ.

Фотеог тусгаарлалтад байхад Исланд Айр компанийн ажилтан Рагнхилдур Эйриксдоттир байнга халамжилж, хоол ундаар үйлчилж байсан гэнэ.

Исландын нийслэл Рейкьявик хотод онгоц газардсаны дараа Фотео зочид буудалд үргэлжлүүлэн тусгаарлагджээ.

Энэ үеэр Эйриксдоттир түүнд бяцхан сүлд мод, цэцгийн баглаатай илгээж, ганцаар зочид буудалд өнгөрүүлж буй Зул сарын баярт нь өнгө гэрэл нэмсэн байна.

Исланд Айр компанийн ажилтан эмэгтэйг Фотео “газар дээр буусан сахиусан тэнгэр” хэмээн магтаж, баярласан сэтгэлээ илэрхийлжээ.

Өнгөрсөн Зул сарын баярын үеэр Америк, Европын олон чиглэлийн зорчигчид болон онгоцны ажилтнуудаас коронавирусийн Омикрон хувилбар илэрсний улмаас мянга мянган нислэг цуцлагдсан юм.

Пүрэв гарагийн өглөөний байдлаар дэлхий даяар 1,000 гаруй нислэг цуцлагдаж, 500 гаруй нислэгийн цаг хойшилсон байгааг FlightAware байгууллага мэдээлжээ.

 

Эх сурвалж: Tribune News Service