Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Омикрон хувилбар анх бүртгэгдэж байсан Өмнөд Африк хөл хорионы дэглэмээ цуцалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)-ын эрх баригчид цар тахлын дөрөв дэх давлагааны оргил үе өнгөрсөн гэж үзээд шөнийн цагийн хөл хорионы дэглэмээ цуцлах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Өнөөдрөөс сар гаруйн өмнө тус улсад коронавирусийн Омикрон хувилбар анх удаа бүртгэгдэж байсан юм. Шинэ хувилбараар өвчилсөн хүмүүсийн дунд өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүндрэл, эндэгдэл бага байгааг тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.

ӨАБНУ-ын бараг бүх мужид халдварын тохиолдлын тоо, эмнэлгийн ачаалал буурсан тул хорио цээрийн зарим дэглэмээ сулруулах шийдвэрийг тус улсын засгийн газрын шуурхай хуралдаанаас өчигдөр гаргажээ.

Арванхоёрдугаар сарын 25-наар өндөрлөсөн долоо хоногт ӨАБНУ-д халдварын 89,781 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн 127,753 тохиолдолтой харьцуулбал огцом бууралт юм.

Өчигдөр гаргасан шийдвэрийн дагуу шөнийн 00:00 цагаас 04:00 цаг хүртэл үргэлжилдэг хөл хориог цуцалж, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг цуцалжээ.

Тус улсад 2020 оны гуравдугаар сарын сүүлээс эхлэн шөнийн цагийн хөл хорио тогтоосон байсан нь ийнхүү бараг хоёр жилийн дараа цуцлагдаж байна.

Гэхдээ иргэд олон нийтийн газарт зорчихдоо амны хаалт зүүх шаардлага хэвээр үлдэж, хүн амыг вакцинжуулалтад хамруулах ажил үргэлжлэх гэнэ.

Дотоод орчинд цугларах хүний тоо дээд тал нь 1,000, гадаад орчинд 2,000 байх хязгаар хэвээр үлдэж, спорт, урлагийн тоглолтууд 50 хувийн суудал дүүргэлттэй зохион байгуулагдах журам өөрчлөгдөөгүй байна.

Цар тахал эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл ӨАБНУ-д 3.5 сая орчим хүн коронавирусийн халдвар авснаас 90,000 орчим хүн нас баржээ.

 

Эх сурвалж: BBC