Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлийн төлбөрийг дахин зургаан сараар хойшлуулав

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын хуулийг дахин хагас жил сунгах болсонтой холбоотойгоор ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуусан хугацаа мөн зургаан сар дахин үргэлжлэх нөхцөл бүрдлээ.

Улсын Их Хурлын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгахаар болсон. 

Тус хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэв.

Энэхүү шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт буурах зэрэг эерэг талтай юм.

Тус арга хэмжээний хүрээнд:

  • Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах;
  • Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр гарган хойшлуулах боломжтой талаар Монголбанк мэдээлэв. 

Ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулснаас хойш буюу "10 их наяд" хөтөлбөрийн хүрээнд 14 мянга орчим иргэнд 970 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгоод буй. 

Харин Цар тахлын эсрэг хуулийн хүрээнд уг зээлийн төлөх хугацааг нийт 20 сараар сунгаснаар 50,000 орчим зээлдэгч хүсэлт гарган ипотекийн төлөлт болох 620 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөхөөс хойшлоод байсан юм. Гэвч хүсэлт гаргасан иргэдийн 30% нь зээлээ эргэн төлөх болсон талаар төв банк мэдээлж байв.