Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэ хамгийн их өссөн 2021 оны ЭДИЙН ЗАСАГ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахалтай тэмцэн өнгөрүүлсэн 2021 оны эдийн засагт олон өөрчлөлт болсныг оны төгсгөлд эргэн сануулж байна. 

1. Үнийн өсөлт 10% хүрч, төв банкны зорилтоос давав

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаарх өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт 10.5 хувьд хүрч, төв банкны зорилтоос аль хэдийн давав. Сүүлийн долоон жилийн хамгийн өндөр дүн болох үнийн энэ өсөлт оргил нь биш, ирэх оны эхний хагас жилд 12% хүртэл өснө гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа арванхоёрдугаар сарын 16-нд тайлбарласан юм. 

Өсөлтийн гол шалтгааны 50% орчим нь импортын барааны үнэ нэмэгдсэнээс хамаарсан ба 10,000 төгрөгөөр авдаг байсан нэг кг махны үнэ 14,000 давчхаад байгаа ч бидний цалин хөдлөөгүй хэвээр байгаа билээ. 

Төв банк инфляцыг 2021 онд 6%-д байна гэж тооцсон ч ийнхүү өнөөдөр 10 хувийг давав. Хэрэв төв банк үүнийг нийлүүлэлтийн гаралтай, гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа хэмээн тайлбарласаар суувал, хилийн боомтын асуудлуудаа Засгийн газар нааштайгаар зохицуулалт хийж чадахгүй бол үнэ буурах ирэх оны төсөөлөл илүү урт үргэлжилж болзошгүй байна.

График. Инфляц

2. Монгол Улсын өр ₮3.5 их наядаар нэмэгдэв

Монгол Улс түүхэндээ анх удаа 18 их наяд төгрөгийн төсөв баталсан. Үүнээс 15.8 их наядыг орлого олж, үлдсэнийг нь өр, зээл тавих байдлаар шийдэхээр төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, олох хэмжээнээсээ илүү ихийг зарцуулахаар хууль баталсан ба энэ үзэгдэл 2018 оноос хойш тасралтгүй үргэлжилж байгаа билээ. 

2024 он хүртэл энэ хэвээр явсаар 2020-2024 онд Монгол Улсын өр 12.9 их наяд төгрөгөөр нэмэгдэх төсвийг УИХ батлаад байна. 

График 2. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018-2024 (тэрбум төгрөг)

3. Мөнгөний нийлүүлэлт болон Төв банкны үнэт цаас түүхэн дээд хэмжээндээ хүрэв 

Мөнгөний нийлүүлэлт 2021 оны эхний 11 сарын байдлаар 27 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн гурван жилд 1.5 дахин өссөн бол 2015 оныхоос бараг гурав дахин өссөн дүн юм. Үүний 90% нь банкны хадгаламжид байгаа статистик гарсан.

Тэгвэл үүний нөгөө талд Төв банкны үнэт цаас анх удаа 10 их наяд төгрөгийг 2021 оны тавдугаар сард даваад одоогоор эргээд 8.6 их наяд төгрөгт хэлбэлзэж буй.

Өөрөөр хэлбэл, Монголбанк өнөөдөр Монгол Улсын нийт мөнгө болох 27 их наяд төгрөгийн 8.6 их наяд буюу 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бодлогын хүү болох сарын 6%-ийн хүүтэй хадгалж байна.  

График. Төв банкны үнэт цаас ба мөнгөний нийлүүлэлт

4. 42 сая тоннын өөдрөг төсөөллөөс 28 сая тонн болгон бууруулсан нүүрсний экспорт 50%-даа хүрсэнгүй

Монгол Улсын нүүрсний экспортын гол хаалга болох Замын-Үүдийг халдварын аюулгүй байдлаа хангаж, тээвэр чөлөөтэй нэвтрэх нөхцөлөө бүрдүүлж амжаагүй байтал урд хөршид коронавирусийн халдвар бүртгэгдсэнээр гадаад худалдаа саатсан хэвээр 2022 онтой золгох гэж байна. 

2021 оны төсвийг анх батлахдаа 42 сая тонн нүүрс экспортлохоор тооцож байсан бол тодотголоор 28 сая тонн болгон бууруулсан. Гэвч бодит байдал дээр энэ зорилт 50 хувьдаа хүрээгүй буюу 13 сая тонн нүүрс экспортлоод байна. Харин Замын-Үүдийн боомтоор ачаа тээвэр чөлөөтэй нэвтрэхгүй хэвээр, бараа бүтээгдэхүүний хомсдолтой оноо үдэх нь.  

5. АИ-92 шатахууны үнээ чөлөөлөв

ОХУ-аас тодорхойгүй хугацаанд шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэний дараа нийслэлчүүд шатахуун түгээх станцуудын гадна хэдэн цагаар дугаарлаж, бензиний хязгаарлалтад орж үзсэн жил байв. 

Энэ явдлын дараа Монгол Улсын Засгийн иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Төр шатахууны үнэд ийнхүү оролцохгүй болсноор дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн хөдөлгөөнийг дагах буюу зах зээлийн жамаараа үнэ тогтох нөхцөл бүрдээд байна. Үнийн огцом өсөлт бий болгож, иргэдэд ачаалал үүсгэхгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дундчилдаг болж, сард хөдлөх үнийн дээд хязгаарыг 100 төгрөгөөр тогтоосноор зах зээлд шок үүсэхгүй гээд олон давуу тал болно. Өмнө нь төрөөс үнэд оролцож байснаас болж шатахуун импортлогч компаниуд 66.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа билээ. 

Уг шийдвэрийн үр дүнд дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурахад монголчууд хямд үнээр АИ-92-оо авдаг болно гэсэн хүлээлттэй байна.

6. Койны хөөсрөл ба хөрөнгийн зах зээлийн өсөлт

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр өсөлтийг цар тахал үргэлжилсэн 2021 онд үзүүлсэн юм. 

Монгол Улсын Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ анх удаа ₮5.8 их наядад хүрч, 1.4 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн гэх мэт 30 жилийн түүхийн амжилтыг койн хэмээх шинэ үзэгдэл ганцхан жилийн дотор гүйцэж, түрүүлэв.

Криптовалютын зах зээл хүч түрэн орж ирж, цахим биржүүд ар араасаа мэндлэн иргэдийн хөрөнгө оруулалтыг татсаар 2021 онд ₮2 их наядын арилжаа энэ зах зээлд хийгдсэн юм.

Өнөөг хүртэл хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй байсан энэ зах зээлд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй тул Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ оны өмнө баталж амжсан.  

Ирэх оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжих тус хуулийг дагаж гарах журмууд батлагдсанаас хойш дөрвөн сарын хугацаанд холбогдох шаардлага ханган Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлснээр цахим биржүүдийн арилжаа хийх эрх баталгаажна. Харин шаардлага хангаагүй койнуудыг хууль бус гэж үзэхээр болоод байна.

7. Оюутолгойн түүхэн хэлэлцээ

Дэлхийн гурав дахь том зэсийн орд болох Оюутолгой төслийн Монгол Улс дахь үр өгөөжийг нэмэгдүүлэх бодит боломжийг Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг гүйцэлдүүлж чадав. Манай талаас гаргасан саналыг төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани хүлээн авснаар Монгол Улсын Засгийн газрын эзэмшил дэх 34%-д ногдох $2.3 тэрбумын өр 100% тэглэгдсэнээс гадна далд уурхайн бүтээн байгуулалтад нэмж шаардагдах 1.2 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болоод байсыг УИХ-аар баталгаажуулаад байна.

"Оюу толгой"-н ТУЗ-ийн шинэ гишүүд болон Засгийн газраас томилсон Ажлын хэсэгт голлон ажилласан ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нарын чармайлт, удаан хугацаанд үргэлжилсэн хэлцлийн үр дүнд ийнхүү Монгол Улсад ирэх төслийн үр өгөөж наашлах түүхэн нөхцөл бүрдлээ. Гүний уурхай 2023 оноос үйл ажиллагаагаа эхлүүлснээр Монгол Улсын эдийн засаг гурав дахин тэлнэ гэсэн тооцоо бий.