Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Доктор Фаучи АНУ-ын засгийн газрын түүхэнд хамгийн өндөр тэтгэвэр авна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Зул сарын баярын өмнөх өдөр Америкийн халдварт өвчин судлалын хамгийн том мэргэжилтэн гэгддэг доктор Энтони Фаучи 81 нас хүрчээ.

Хэрвээ тэр өнөөдөр тэтгэвэртээ гарвал АНУ-ын холбооны засгийн газрын түүхэнд хамгийн өндөр тэтгэвэр тогтоолгохоор байгааг Форбс сэтгүүл Мягмар гарагт мэдээлсэн байна.

Тэдний тооцоолсноор 55 жил холбооны засгийн газарт алба хашсан Фаучигийн тэтгэвэр жилийн $350,000 орчим болох гэнэ.

Гэхдээ энэ нь хамгийн доод хэмжээ бөгөөд жил бүр амьжиргааны өртөгт зохицуулсан засвар орох нөхцөлтэй юм байна. Сүүлийн хоёр жил доктор Фаучи АНУ-ын холбооны засгийн газрын албан хаагчид дотроос хамгийн өндөр цалинтай хүн болж байжээ.

Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчөөс ч өндөр цалинтай юм байна. Тухайлбал 2019 онд тэр $417,608-ын цалин авсан бол 2020 онд $434,312  болжээ.

Фаучи одоо АНУ-ын ерөнхийлөгчийн анагаах ухаан хариуцсан ахлах зөвлөхийн албыг хашдаг.

2004 онд Жорж Уолкер Бушийн засаг захиргаанд ажиллаж байхдаа тэр био аюулгүй байдлын томоохон судалгааны ажил гүйцэтгэснийхээ төлөө өндөр цалин хангамжтай болсон юм байна. Тухайн үед байгуулсан хөдөлмөрийн гэрээ ёсоор Фаучигийн цалинг жил бүр тогтмол нэмэгдүүлж байхаар тогтжээ.

АНУ-ын хуулиар тэтгэврийн хэмжээг хамгийн өндөр цалин авсан гурван жилийн дунджийн 80 хувиар тогтоох юм байна.

Гэхдээ доктор Фаучи ойрын үед тэтгэвэртээ гарах бодолгүй байгаа нь түүний саяхан өгсөн ярилцлагаас харагдаж байгаа юм.

Өнгөрсөн сард тэрбээр ABC сувгийн сэтгүүлчтэй ярихдаа “Цар тахлыг хяналтдаа оруулах хүртэл надад ухрах эрх байхгүй. Энэ бол амьдралд нэг тохиох том даалгавар. Дундаас нь орхиж явах боломжгүй. Одоо бид дайны байдалд байгааг чи мэдэж байгаа. Зүйрлүүлбэл дэлхийн хоёрдугаар дайн дундаа орж байна гэж ойлгож болно” гэж байжээ.

 

Эх сурвалж: Forbes