Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд "Эрдэнэс Монгол" компанид бүтцийн томоохон өөрчлөлт хийнэ гэв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өр зээлийг дөрөвдүгээр ангийн хүүхэд ч тавьж чадна. Зарим улстөрч Оюу толгойд бараа бүтээгдэхүүн шахдаг. Ичмээр юм олон бий. Уул уурхайн баялгийг ард түмэнд өгөх талаар тогтоол дээр юу гэж тусгасан бэ?

Манай улс уул уурхайн баялгаас зургаан тэрбум гаруй төгрөг олдог мөртлөө өртэй. Манжийн үеэс долоон дор болсон. Боомтын асуудлыг дэмжиж байгаа" гэлээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хоёр хөрштэйгөө боомт холбох ажлыг хийж чадвал далайд гарцгүй ч гэсэн олон үйлдвэр, томоохон зах зээлтэй хиллэж байгаагийн хувьд Монгол Улсад том давуу тал бий болно. "Эрдэнэс Монгол" компанид бүтцийн томоохон өөрчлөлт хийнэ. Тус компани олон төлөөлөн удирдах зөвлөл, охин компанитай. Тэгсэн мөртлөө нэг замын концессын гэрээний төлбөрөөс өөр санхүүжилтгүй. Монгол Улсын баялаг гарын салаагаар урсахад бэлэн эрх зүйн цоорхой орчинтой байна.

Тиймээс "Эрдэнэс Монгол" компани дээр бүх баялгийг нэтгэнэ. Нэгдсэн менежментээр зохион байгуулах ажлыг хийнэ. Төр, хувийн түншлэл явна. Тус компанийг зэс болон үнэт металлын, нүүрсний групп гэж ангилна. Дээр нь эрчим хүч, тээвэр логистикийг онцолж авч үзэх бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл уул уурхайн баялаг илүү хяналттай байх тал дээр "Эрдэнэс Монгол" компанийн бүтцийг том түвшинд өөрчилнө. 

Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар болон бусад холбогдох бүх байгууллагууд хамт нэг уулзъя гэж байгаа" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/202076295393555