Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулах Лукашенкогийн саналыг Путин дэмжив

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Санкт Петербург хотод уулзсан Орос, Беларусийн ерөнхийлөгч нар ирэх оны эхээр хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулахаар тохиролцжээ.

Уг саналыг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко гаргасныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин талархан хүлээж авснаа мэдэгдсэн байна.

Хамтарсан сургуулилалтыг ирэх оны хоёр, гуравдугаар саруудын нэгэнд зохион байгуулах гэнэ.

Сүүлийн үед Орос улс Украиныг эзлэн түрэмгийлж болзошгүй байгаа талаар Өрнөдийн орнууд анхааруулах болсон. Украины зарим албан тушаалтнууд уг түрэмгийлэл Беларусийн нутаг дэвсгэрээс эхэлж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэх болсон юм.

Хэдийгээр Украины хилийн орчимд их хэмжээний цэрэг, зэвсэг хуримтлуулсан ч Москвагийн эрх баригчид дайн гарах боломжийг үгүйсгэсээр байна.

Гэхдээ Өрнөдийн орнуудаас NATO-гийн дорно зүгт хийх тэлэлтийг зогсоох баталгаа нэхэж байгаа билээ.

Өрнөдийн дарамт шахалтад орсон Лукашенкогийн дэглэмийг Москва тууштай дэмжиж байгаа. Орос, Беларусь хоёр улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбараа интеграцчилж, нэгдсэн улсын системд шилжих талаар төлөвлөж байгаа юм.

Лукашенкогийн дэглэмийг дэмжиж буйн илэрхийлэл болгон ОХУ энэ оны есдүгээр сард Беларусийн нутаг дэвсгэрт 200,000 цэрэг оролцуулсан байлдааны хамтарсан сургуулилалт зохион байгуулж байв.

Сүүлийн үед Оросын цөмийн бөмбөгдөгч онгоцнууд хэд хэдэн удаа Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдээд байна.

Өчигдөр буюу Лхагва гарагт хоёр улсын сөнөөгч онгоцнууд Беларусийн агаарын орон зайд эргүүлийн нислэг үйлджээ.

Лукашенко Оросын цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулах сонирхолтойгоо өнгөрсөн сард илэрхийлж байв. Лукашенкогийн энэ мэдэгдлийг “Өрнөдийн орнуудын увайгүй бодлогын хариуд өгч буй ноцтой сануулга” гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тодорхойлж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press