Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын шинэ хиймэл дагуул АНУ-ын хотуудын зургийг хэдхэн секундэд буулгадаг болсныг мэдээлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Beijing-3 хиймэл дагуулын төсөл дээр ажиллаж буй Хятадын эрдэмтэд дэлхийн тойрог замаас АНУ-ын дурын хотын өндөр нарийвчлалтай гэрэл зургийг буулгаж чаддаг болсноо Мягмар гарагт зарлажээ.

Ингэхдээ тухайн хотын гудамжинд зорчиж буй автомашин, түүнд ачсан ачааг хүртэл тодорхойлох боломжтой болсон гэнэ.

Beijing-3 хиймэл дагуулыг Хятадын эрдэмтэд энэ оны зургаадугаар сард сансарт хөөргөсөн юм. Уг хиймэл дагуулаас саяхан Сан-Франциско хотын 3,800 км.кв (1,470 миль.кв) талбайн зургийг 42 секундийн хугацаанд буулгасан юм байна.

Энэхүү туршилтын талаар Хятадын “Spacecraft Engineering” сэтгүүлд саяхан нийтэлжээ.

Beijing-3 хиймэл дагуулын давуу тал нь секундэд 10 градусын хурдтай өнцгөөр эргэхдээ чанарын ямар ч алдагдалгүйгээр өргөн уудам газар нутгийн зургийг буулгаж чаддаг юм байна.

Бусад хиймэл дагуулуудын хувьд өндөр чанартай зураг буулгахдаа хөдөлгөөнгүй байрлах шаардлагатай болдог. Ингэж буулгасан зураг нь нарийхан зурвас хэсгийг хамардаг ба өргөн газар нутгийг буулгахдаа тойрог замаар дэлхийг олон удаа тойрон эргэсний үр дүнд бүрэн дуусгадаг ажээ.

Харин Beijing-3 хиймэл дагуулын хувьд Азийн хамгийн урт гол болох Төвдийн өндөрлөгөөс Хятадын зүүн эрэг хүрдэг Шар мөрний сав газрыг ганц удаагийн эргэлтээр буулгаж чадахыг зохион бүтээсэн эрдэмтэд нь CCTV-13 сувгаар ярьсан байна.

Хэрвээ уг хиймэл дагуулыг хиймэл оюуны технологиор тоногловол дэлхийн 500 орчим бүс нутгийг дэлхийг өдөрт 100 удаа тойрохдоо бүрэн хянах боломжтойг мөн дурджээ.

Beijing-3 одоохондоо АНУ-ын Lockheed Martin компанийн бүтээсэн Worldview-4 хиймэл дагуулын авдаг шиг нарийвчлалтай зураг буулгах боломжгүй юм байна. Worldview-4 нь нэгж цэгт 12 инчийн нарийвчлалтай авдаг бол Beijing-3 хиймэл дагуул 20 инчийн нарийвчлалтай буулгадаг ажээ.

Гэхдээ Хятадын хиймэл дагуул Америкийнхаас 3-4 дахин хурдан ажилладаг нь давуу тал юм байна.

Үүнээс гадна Worldview-4 хиймэл дагуул 2016 онд хөөргөснөөс хойш гурван жилийн дараа системийн доголдлын улмаас ашиглалтаас гарч байжээ.

Сүүлийн үед сансрын технологиор Хятад улс АНУ-ыг гүйцэх аюул ойрхон байгааг судлаачид анхааруулах болсныг дээрх мэдээлэл баталж байна.

Энэ сарын эхээр АНУ-ын сансрын зэвсэгт хүчний дэд командлагч, генерал Дэвид Томпсон үг хэлэхдээ АНУ судалгаа, хөгжүүлэлтийн хурдаа нэмэгдүүлэхгүй бол Хятад улсад сансрын технологиор 2030 онд гүйцэгдэх төлөвтэй байгааг анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider