Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Сиань хотын тусгаарлалт долоо дахь хоногтоо үргэлжилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хятадын цар тахлын шинэ голомт болоод байгаа 13 сая оршин суугчтай Сиань хот гадаад ертөнцөөс тусгаарлагдаад долоо хонож байна.

Мягмар гарагт тус хотод халдварын 151 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Хятадын эх газарт энэ өдөр нийт 152 тохиолдол бүртгэгдсэн нь бараг бүгд Сиань хотод илэрсэн байна.

Арванхоёрдугаар сарын 9-28-ны өдрүүдэд Сианьд бүртгэгдсэн нийт тохиолдол 1,000 орчимд хүрчээ.

Одоогоор вирусийн Омикрон хувилбарын тохиолдол ганц ч илрээгүйг албаныхан мэдээлж байна. Хятадын эрх баригчид энэ сарын 23-ны өдрөөс эхлэн Сиань хотыг гадаад ертөнцөөс тусгаарласан юм.

Даваа гарагаас эхлэн хотын захиргаа хүнсний бараа худалдаж авахаар гэрээсээ гарахыг иргэдэд хориглосон байна. Оронд нь хүнсийг гэр гэрт нь хүргэхээр болжээ.

Гэхдээ хотын эрсдэл багатай хэсгүүдэд гэрээсээ гарч худалдаа хийх журмыг удахгүй сэргээхээ эрх баригчид амласан байна.

Тусгаарлалтын хатуу дэглэм жирийн иргэдийн амьдралаас гадна бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлжээ. Тухайлбал Сиань дахь Самсунгийн хагас дамжуулагчийн үйлдвэр үйл ажиллагаандаа түр хугацааны өөрчлөлт оруулах болсноо Лхагва гарагт зарласан байна.

Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч BYD компани бас тусгаарлалтын дэглэмийн улмаас үйлдвэрлэлд нь тодорхой хэмжээний саатал үүсэхээр байгааг өчигдөр мэдэгджээ.

Мягмар гарагийн байдлаар Хятадын эх газарт шинж тэмдэгтэй халдварын нийт 101,683 тохиолдол бүртгэгдэж, 4,636 өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters