Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Омикроны тархалтаас үл хамааран Америкчууд удахгүй хэвийн амьдралд шилжих боломжтой гэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр коронавирусийн Омикрон хувилбарын тархалт эрчимжиж байгаа ч хорио цээрийн хатуу дэглэмгүй амьдралд шилжих цаг ойрхон байгааг АНУ-ын халдварт өвчин судлалын топ мэргэжилтэн хэлжээ.

Ерөнхийлөгч Жо Байдены анагаах ухааны зөвлөх, доктор Энтони Фаучигийн үзэж байгаагаар вирус бүрэн устаж алга болохгүй ч нийгэм, эдийн засгийн амьдралд саад учруулахгүй хэмжээнд удахгүй хүрэх гэнэ.

“Хэвийн амьдралд шилжихэд цөөн хэдэн сарын хугацаа үлдсэн гэж бид үзэж байна” гэж тэр өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өмнөд Африк, Их Британи, Япон, Хонконг, АНУ-д сүүлд хийсэн судалгаануудаас Омикрон хувилбар коронавирусийн өмнөх хувилбаруудаас илүү өндөр халдварлах чадвартай ч харьцангуй бага хоруу чанартай нь улам бүр батлагдаж байгааг Фаучи тайлбарласан байна.

Тухайлбал энэ долоо хоногийн Мягмар гарагт нийтлэгдсэн Өмнөд Африкийн судалгааны тайланд Дельта хувилбараар өвчилж хүндэрсэн 100 хүн тутмын 21.3 нь нас барж байсан бол Омикроны хувьд 4.5 байгаа нь харагджээ.

Дельта хувилбараар халдварласан өвчтөнүүдийн 4.3 хувь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан бол Омикроны хувьд 1 хувьд хүрсэн байна. Хүчилтөрөгчийн нэмэлт хангамж Дельта хүндрэлүүдийн 99 хувьд шаардагдаж байсан бол Омикроны 45 хувьд шаардагдаж байжээ.

“Эдгээр нь урьдчилсан байдлаар гарсан тоо баримтууд боловч шинэ хувилбарын аюул харьцангуй бага нь улам бүр батлагдаж байна” гэж Фаучи ярьсан байна.

mRNA төрлийн вакцины хос тунгаас гадна нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд вирусийн шинэ хувилбараас хамгийн үр дүнтэй хамгаалагдаж болохыг тэр бас зөвлөжээ.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд АНУ-д өдөрт дунджаар 240,000 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо 60 хувиар өссөн үзүүлэлт байв.

Хэдийгээр өвчлөл хурдтай нэмэгдэж байгаа ч Байдены засаг захиргаа Зул сарын баяраар ямар нэг хорио цээрийн дэглэм зарлаагүй юм. Үүнээс гадна халдвар авсан хүмүүсийн тусгаарлалтын хугацааг 10-аас 5 хоног болгон бууруулах шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан байна.

 

Эх сурвалж: Reuters