Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шатрын аварга Карлсен 17 настай узбек хүүд хожигджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Польшийн нийслэл Варшав хотод зохион байгуулагдаж буй шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дэлхийн аварга Норвегийн Магнус Карлсен 17 настай узбек хүүд хожигджээ.

2013 оноос хойш дэлхийн аваргын титмийг хамгаалж байгаа Карлсеныг хожиж дуулиан тарьсан шатарчин нь Узбекистанаас ирсэн Нодрибек Абдусатторов юм байна.

Тоглолтын дараа Абдусатторов 8/10 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж эхэлжээ. Түүний дараа ижил 8/10 оноотой Оросын Ян Непомнящий удаалж байна.

Непомнящий саяхан болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Карлсенд ялагдаж байжээ.

Тоглолтын дараа Абдусатторов “Өнөөдөр би бага зэрэг азтай байлаа. Учир нь тэр тоглолтыг тэнцээгээр өндөрлүүлэх боломжтой байсан. Энэ тоглолт эхнээсээ дуустлаа эн тэнцүү өрсөлдөөнтэй боллоо. Тэмцээн дуусах болоогүй байгаа тул би дараагийн тоглолтдоо төвлөрөх хэрэгтэй байна” гэж ярьсан байна.

Өмнө нь таван удаа түргэн тоглолтын дэлхийн аварга болж байсан Карлсены хувьд үлдсэн тоглолтууддаа хожих хэцүү даалгавартай үлджээ.

31 настай Норвегийн их мастер энэ тэмцээний өмнө ярихдаа Иранд төрсөн Францын залуу шатарчин Алиреза Фироузжагаас өөр хүчтэй өрсөлдөгч түүний хувьд байхгүй гэж байв. Тэгвэл залуу шатарчин Абдусатторов түүний бас нэг гол өрсөлдөгч болон тодорч байна.

 

Эх сурвалж: Russia Today