Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Их Британи, Франц, Португал, Грек улсуудад нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол дээд цэгтээ хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Зул сарын баярын дараа Америк, Европын олон оронд коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдсэн байна. Үүнд халдварлах чадвар өндөртэй коронавирусийн шинэ хувилбар Омикроны нөлөө байгаа нь тодорхой юм.

Тухайлбал АНУ-д сүүлийн нэг хоногийн хугацаанд 512,553 халдварын тохиолдол шинээр нэмэгджээ. Энэ бол цар тахал эхэлсэн цагаас хойш нэг хоногийн хугацаанд илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.

2021 оны нэгдүгээр сарын 8-нд 294,015 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Гэхдээ Зул сарын баярын үеэр шинжилгээний цэгүүдийн зарим нь хаалттай байсан тул баярын өдрүүдийн хариу хуримтлагдсан нь ингэж огцом өсөхөд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс бодитой өсөлтийн хэмжээ Лхагва гарагаас эхлэн харагдаж магадгүй юм.

Өчигдөр Их Британид халдварын 129,471 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь мөн цар тахлын үеийн хамгийн өндөр өсөлт болжээ. Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 122,186 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байв.

Их Британийн статистик мэдээллийн хувьд мөн Зул сарын баярын нөлөө орсон гэж үзэж байна. Гэхдээ АНУ-ынхаас ялгаатай нь Их Британид зарим бүс нутгийн шинжилгээний хариу баярын улмаас саатсан тул дутуу бүртгэгдсэн ажээ.

Тухайлбал өчигдөр бүртгэгдсэн тохиолдлуудын 117,093 нь Англид, 12,378 нь Уэльсэд илэрсэн бол Шотланд, Умард Ирландын тоог мэдээлэгдээгүй юм байна.

Мягмар гарагт Франц улс халдварын 179,807 шинэ тохиолдол бүртгэсэн нь бас цар тахлын үеийн хамгийн өндөр өсөлт болжээ.

Бямба гарагт 104,611 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт юм.

Португал улсад 17,172 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь бас цар тахлын хамгийн  өндөр үзүүлэлт болжээ. Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр өдөрт 16,432 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх дээд үзүүлэлт юм.

Гэхдээ Португалийн хувьд хүндээр өвчилсөн хүний тоо харьцангуй бага байгаа ажээ. Тухайлбал өчигдрийн байдлаар тус улсад Covid-19 оноштой 936 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ оны хоёрдугаар сарын 1-нд энэ тоо 6,869 хүрч байжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Португал даяар 19 өвчтөн нас барсан нь нэгдүгээр сарын 28-нд 303 эндэгдэл бүртгэгдэж байсан оргил үетэй харьцуулбал маш бага түвшинд хүрсэн байна.

Тус улсад шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 61.5 хувь нь Омикрон хувилбараар халдварлажээ.

Португал улсын 10 сая хүн амын 87 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол 2.4 сая иргэн нь нэмэлт тунд хамрагдсан байна. Вакцинжуулалтын өндөр үзүүлэлтээрээ тус улс дэлхийд зөвхөн Арабын Нэгдсэн Эмират Улсын дараа орж байгаа юм.

Европын өөр нэг улс Грект өчигдөр халдварын 21,657 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Даваа гарагт 9,284 тохиолдол, Ням гарагт 4,036 тохиолдол бүртгэгдэж байснаас харвал тус улсад халдварын шинэ тохиолдол өдөр бүр хоёр гаруй дахин нэмэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 60 өвчтөн нас барсан нь өмнөх өдрийн 66 эндэгдлээс бага зэрэг буурсан үзүүлэлт болсон байна.

 

Эх сурвалж: The Guardian