Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

АУДИТ: Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл 2016 онтой харьцуулахад өөрчлөлт гараагүй нь нөлөө үргэлжилсээр буйн илрэл

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулан ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэхүү эх үүсвэртэй холбогддог өвчлөлүүдийг үзүүлэлтэд ахиц дэвшил гараагүй гэж болохоор байна.

Улаанбаатар хотод 2016-2020 онд амьсгалын замын тогтолцооны өвчний улмаас 1,688, зүрх судасны тогтолцооны өвчний улмаас 10,940 хүн нас баржээ.

Цусны эргэлтийн тогтолцооны өвчний шалтгаант нас баралт 10,000 хүн амд 2020 онд 15 болж, 2016 оноос 0.5-аар өссөн бол амьсгалын замын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт 2020 онд 2.1 болж 0.3-аар буурсан байна.

Судлагдсан хугацаанд 10,000 хүн амд ногдох уушгины хатгалгаа 0.3, цусны даралт ихсэх 0.2, зүрхний шигдээсний шалтгаант нас баралт 0.1-ээр тус тус буурсан, уушгины хавдрын шалтгаант нас баралт 0.3-аар нэмэгджээ.

Үүнээс үзвэл, өвчлөл, нас баралтын тоо хэмжээний үзүүлэлтэд дорвитой өөрчлөлт гараагүй байгаа нь агаарын бохирдлын нөлөө үргэлжилсээр буйн илрэл гэдгийг ҮАГ-ын тайланд онцолж байв.

Улаанбаатар хотод 2020 онд хийсэн судалгаагаар 2016 он буюу суурь оноос 10,000 хүн амд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн томуу ба уушгины хатгалгаа өвчний шалтгаант нас баралт 2.7-оор, 25-аас дээш насны хүн амын даралт ихсэх өвчний шалтгаант нас баралт 3.5-аар тус тус буурсан, харин уушгины архаг бөглөрөлт өвчний шалтгаант нас баралт 0.1-ээр, уушгины хавдар 0.6-аар, зүрхний шигдээс 0.2-оор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Нас баралтын дүнд дорвитой өөрчлөлт гараагүй нь агаарын бохирдлын сөрөг нөлөө хэвээр үргэлжилсээр байгааг харуулж байна.

  • Амьсгалын тогтолцооны өвчин 10,000 хүн ам тутамд 2016 онд 479.9 байсан бол 2019 онд 504.5 болон нэмэгджээ.
  • Зүрх судасны тогтолцооны өвчлөл 10,000 хүн ам тутамд 2016 онд 356.3 байсан бол 2019 онд 376.1 болж өссөн байна. 

Ийнхүү ахиц гараагүй нь олон шалтгаантай байгаагаас хөтөлбөрийн зарим ажлыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөнд тусгаагүй, зарим агентлагууд төсөвтөө ч тусгаагүй байсан нь харамсалтай.

Тухайлбал, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш 1 жил 3 сарын дараа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг баталснаас тус хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа хойшилж, нийслэлийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний 28.9 хувийг нь мастер төлөвлөгөөнд тусгалгүй орхигдуулжээ.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргаас бусад хариуцан хэрэгжүүлэгч байгууллагууд жил бүрийн улсын төсөвт төлөвлөдөггүй байна.

Аудитын явцад нийт 43.7 тэрбум төгрөгийн 19 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 10.9 тэрбум төгрөгийн 4 албан шаардлага, 32.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өгчээ. Зөрчил дундаас ₮10.4 тэрбумаар хэмжигдэх асуудлыг арилгуулах албан шаардлага хүргүүлсэн ч энэ талаар арга хэмжээ аваагүй буюу тоогоогүй тул ҮАГ хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, БНХАУ-ын нэр бүхий 3 компанитай шууд гэрээ байгуулж, 10.4 тэрбум төгрөгийн 290 ширхэг шүүлтүүр худалдан авахдаа 240 ширхгийг нь Гаальд мэдүүлэлгүй буюу бүртгэлгүй оруулж ирсэн зөрчил илэрчээ. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагад суурилуулсан шүүлтүүрийг ашиглаж буй мэдээллийг ирүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болсон байна.