Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Никарагуа улс Тайванийн элчин сайд байрлаж байсан барилгыг хурааж, Хятадад шилжүүлэхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега

Энэ сарын эхээр Төв Америкийн Никарагуа улсын засгийн газар дипломат харилцаагаа Тайваниас салгаж, Хятад улсад шилжүүлэхээр болсон юм.

Ерөнхийлөгч Даниэл Ортегагийн засгийн газрын мэдэгдэлд “Дэлхий дээр ганцхан Хятад улс бий. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар бол бүх Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар юм. Тайвань бол Хятадын газар нутгийн салшгүй хэсэг болно” гэжээ.

Тайванийн дипломатчид нутаг буцахаасаа өмнө нийслэл Манагуа хотод оршдог элчин сайдын яамны барилгаа Никарагуагийн католик шашны сүм хийдүүдийн захиргаанд хандивлахаар болжээ.

Гэтэл ерөнхийлөгч Даниэл Ортегагийн засгийн газар үүнийг хууль бус үйлдэл гэж нэрлээд өмчлөл шилжүүлэх ажиллагааг таслан зогсоох болсноо Ням гарагт зарласан байна. Улмаар уг барилга нь Хятадын засгийн газрын өмч болохыг мэдэгджээ.

Хариуд нь Тайванийн засгийн газар харамсал илэрхийлж, Ортегагийн дэглэмийн хууль бус үйлдлийг буруутгасан мэдэгдэл гаргасан байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид Тайванийг дэлхийн тавцанд ганцаардуулах бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Никарагуагийн дараа дэлхийн 14 улс Тайваньтай дипломат харилцаатай үлдэж байна. 2016 онд Тайванийн засгийн эрхийг эх газраас салан тусгаарлах үзэлтэй улс төрийн хүчин авах үед энэ тоо 21 байжээ.

Өнөөдөр үлдсэн 14 улс нь Номхон далай, Карибын тэнгис, Латин Америк, Өмнөд Африкийн бүс нутгийн жижиг улс орнууд юм. Эдгээр орнууд нь голдуу гадаад улсын зээл, тусламжаар эдийн засгаа тэтгэдэг.

Хамгийн сүүлд 2019 онд Номхон далайн Соломоны арлууд дипломат түншээрээ Тайванийн оронд Хятадыг сонгож байв.

Никарагуа улсын хувьд 1990-ээд оны үед ерөнхийлөгч Виолета Чаморрогийн засаглалын үед Тайваньтай дипломат харилцаа тогтоож байжээ. 2007 онд Ортегагийн Сандинист хөдөлгөөн засгийн эрхэнд гарсан ч дипломат харилцаа нь саяхныг хүртэл хадгалагдаж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press