Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн жилд ₮456 тэрбумыг зарцуулсан ч АГААРЫН БОХИРДОЛ БУУРААГҮЙ

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Агаарын бохирдол өмнөх жилүүдээс буураагүй нь нүднээ ил харагдаж байна. Өнөөдөр өглөө гэхэд 100 айл орчимд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 22 дахин их байв. Түүнээс гадна гурван байршил/Баянхошуу, I хороолол, Хайлааст/-д хэвийн хэмжээнээс 10 дахин их бохирдолтой байлаа. 

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээлэл хийж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ танилцуулж буй. Энэ үеэрээ товчхондоо сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, түүхий нүүрс, хаягдал дугуй шатааж буйтай тэмцэх чиглэлийн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгдөг.

Энэ долоо хоногийн ээлжит хурлын үеэр "Таван Толгой Түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек "Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл стандартын дагуу явагдаж байгаа. Түлшний орцын 95-96 хувь нь стандартын шаардлага хангасан эрчим хүчний баяжуулсан нүүрс, 4 хувь нь барьцалдуулагч эд байдаг. Манай компани лабораторийн нарийн шинжилгээ хийдэггүй бөгөөд АМГТГ-ын лаборатори, Хими, технологийн хүрээлэнтэй байгуулсан гэрээний хүрээнд тогтмол хяналт хийгээд явж байна. 2022 онд үйлдвэртээ түлш стандарт хангаж байгаа эсэхийг зургаан үзүүлэлтээр хянадаг, мөн шаталтаас ялгарах экологийн үзүүлэлтийг хэмжих лабораторитой болохоор төсвийг суулгасан. Одоогоор бол хэмжилтийн лабораторид ор найрлагын хэмжээг хянаж байгаа" гэдгийг хэлж байв.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр үр дүнгүй байгааг аудитын дүгнэлт батлав

Сайжруулсан түлшний шаталтаас ялгарах экологийн үзүүлэлтийг хэмжихгүй байгаа хэр нь стандарт хангаж байгаа гэх мэдээллийг долоо хоног бүр давтан өгсөөр буй. Мөн угаарын хийн дуудлага өгсөн айл өрхүүдэд хяналтаар очиход зуухны битүүмжлэл алдагдсан гэх мэдээллийг албаныхан өгдөг. Долоо хоног бүрийн мэдээллээс агаарын бохирдлыг бууруулах ажил сайжруулсан шахмал түлш хэрэглэх дээр тогтож байгаа нь харагдана.

Угтаа бол манай улс Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлан, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавьсан. Гэвч 2021 оны байдлаар нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн байх ажлуудаас онцолж есийг нь авч үзэхэд нэг нь л биелсэн гэж хэлж болохоор байна. 2020 онд биелсэн байхаар заасан шийдвэрээ Засгийн газар 2021 оны сүүлээр гаргаж буй. 

Түүнчлэн 2017 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар 456 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй болохыг аудитын дүгнэлт батлав. Тодруулбал, 

Улаанбаатар хотын гадаад орчны агаар бохирдуулах бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг 2016 онтой харьцуулахад РМ2.5 тоосонцор 30 мкг/м3, РМ10 тоосонцор 38 мкг/м3, Азотын давхар исэл (NO2) 1 мкг/м3-ээр багассан бол хүхэрлэг хий (SO2) 11 мкг/м3-ээр ихэссэн байна.

Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн буюу 2019 оны аравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх хугацааг түүхий нүүрс хэрэглэж байсан буюу 2018 оны аравдугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдолтой харьцуулахад уушгины архаг бөглөрөлт өвчин, даралт ихсэх болон зүрхний шигдээс өвчний хувьд өөрчлөлт ажиглагдаагүй нь агаарын бохирдол буураагүйг батлах бас нэгэн үзүүлэлт юм. 

Сүүлийн гурван жилийн арванхоёрдугаар сарын агаарын чанарын харьцуулалт:

Сүүлийн гурван жил буюу 2019, 2020, 2021 оны арванхоёрдугаар сард нийслэлийн гурван байршилд АЧИ өглөөний 09:00 цагийн байдлаар ямар хэмжээтэй байсныг харвал бохирдол буураагүй нь тодорхой ажиглагдав. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгүй байсан гэсэн үг. 

4 зам орчмын агаарын бохирдол 2020, 2021 онд 2019 онтой харьцуулахад өссөн харагдаж байгаа бөгөөд ихэнх өдрүүдэд бага бохирдолтой түвшинд байжээ. Гэсэн ч хэвийн хэмжээнээс 2-3 дахин их бохирдолтой байсан байна. 

Баянхошуунд агаарын бохирдол тогтмол өндөр үзүүлэлттэй буюу бага бохирдолтойгоос их бохирдолтой түвшинд байжээ. 

Харин 100 айл орчимд 2020 онд өмнөх болон энэ онтой харьцуулахад бохирдол өндөр байсан байна. 


Агаарын бохирдол буураагүй, энэ ажилд зарцуулсан мөнгө үргүй зардал болсоор, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ажлууд үр дүнгүй хэвээр үргэлжилсээр...

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг гэх тооцоолол бий. Энэ бол зөвхөн төрөөс гарах зардлын дүн. Гэтэл өрх бүр агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн улмаас эмчилгээний зардлыг бараг тогтмол байдлаар зарцуулсаар байна.