Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Намуудыг зөвшилцөлд хүргэх, тэгш оролцоог хангахад санаачилгатай ажиллах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ"

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улс төрийн намууд “Олон намын тогтолцоо-30 жил” хуралдаан зохион байгуулах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд санал хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. 

Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт "Бид ирэх оныг эв нэгдлийн жил болгоё гэж уриалж байгаа. Олон намын тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд намууд нэгдэж 2022 оны нэгдүгээр сарын 13-нд хуралдаан зохион байгуулна.

Улс төрийн намууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд намуудыг зөвшилцөлд хүргэх, тэгш оролцоог хангахад санаачилгатай ажиллах талаар саналыг өнөөдөр хүргүүлнэ. Үндэсний эв нэгдлийн төлөөх зоригтой алхмыг хийнэ гэж бодож байна. 

Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд тодорхой бүтэц байгуулж ажиллаасай. МУИС-ийн дэргэд Үндсэн хуулийн хүрээлэн байгуулж байгааг дуулсан. Тиймээс бидний саналыг хүлээн авч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс өмнө хөгжлийн алдаагүй бодлогыг тодорхойлж, бидний саналыг хүлээн авна гэж итгэж байна. 

УИХ-д суудалтайгаас бусад намуудыг он гараад болох хуралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Тухайн өдөр бид хоорондоо тэмцэлдэхээс илүүтэй алдаа оноогоо ярина. Эв нэгдэлтэй байцгаая. Гэхдээ эв нэгдэл гэдэг нь хээл хахууль байх ёсгүй.

Үндсэн хуулийн дугуйлан төслийг улс төрийн намууд хамтран орон даяар хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Бидний боловсруулсан мөрийн хөтөлбөр манхай улсын ирээдүйтэй холбоотой. Тийм учраас энэ тал дээр илүү сайн анхаарах нь зүйтэй" гэлээ. 

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа "Бидний зохион байгуулах хуралд хүрэлцэн ирж, олон ургалч үзэлд нөлөөлөх, хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. 

Том, жижиг намууд гэсэн ялгаварласан үзлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 13-нд болох хуралдааныг Ерөнхийлөгчийн ивээл дор болох болов уу гэж бодож байна. 30 жилийн хугацаанд янз бүрийн байдлаар гадуурхагдсан зүйл ч бий. Цаашид бүх намууд эвийг хичээж хамтарч ажиллах болно" гэв.