Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн Баяжуулах үйлдвэр хэрхэн ажилладаг вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 20 хувь нь ил уурхайд байгаа бол 80 хувь нь газрын гүнд бий. 

Гүний уурхай ашиглалтад орлоо ч ил уурхай гол "тоглогч" хэвээр байх болно хэмээн уурхайнхан үздэг аж. Өнгөрсөн онд 10 жилийн ойтойгоо золгосон тус хамт олны ажлын байрыг очиж үзэх боломж нэгэнтээ гарсан юм. Тэд өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүйгээр долоон гараг, 24 цагийн турш ажиллан, үүргээ гүйцэтгэсээр байна.

Аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ 2017 онд "Рио Тинто"-ийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагналын эзэд болсон нь ил уурхайнхны ажил мэргэжлээ хэр хэмжээнд эзэмшин гүйцэтгэж байгааг илтгэх амжилтуудын ердөө нэг хэсэг нь юм.

Ил уурхайн хэлтсийн Өрөмдлөг тэсэлгээний багийн ахлах мэргэжилтэн П.Уранзоригт "Ил уурхайн хэмжээнд нэг ээлжид 100 гаруй хүн ажилладаг. Нэг удаад 100 орчим цооног тэсэлж, 200 орчим мянган тонн материал гаргадаг. Төлөвлөгөөнөөс хамаарч долоо хоногт 2-3 удаа тэсэлнэ" хэмээн үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. 

Уурхайн ажилтнууд, ялангуяа удирдах түвшинд монголчууд ажилладаг бөгөөд цар тахлын үед гадаад мэргэжилтнүүд ирэх боломжгүй байсан нь монгол мэргэжилтнүүдийн хувьд нэг талаар сорилт болж байсан ч нөгөө талаар илүү суралцах нөхцөлийг бүрдүүлжээ.

Тэсэлгээ хийсний дараа 320 тоннын даацтай авто "Самосвал" материалыг анхдагч бутлуурын хэсэг рүү зөөвөрлөнө. Ил уурхайд ийм хэмжээний хүчин чадал бүхий "Самосвал" 33 бий.

Том том хүдрийн биетүүд анхдагч бутлуурын хэсэгт гар бөмбөгийн чинээ болж, 2.8 километр үргэлжлэх туузан дажлагаар агуулахад хүргэгдэн, хадгалагдана. Агуулахын хүчин чадал нь 550-600 мянган тонн. Тэндээсээ дахин конвероор зөөвөрлөгдөн гүйцээн бутлах хэсэгт хүргэгдэх ба энд бүрэн нунтаглагдсанаар баяжмалын үйлдвэрт хүргэгдэх аж. 

Баяжуулах үйлдвэрт очиход дуу чимээ ихтэй учир чихний бөглөө заавал зүүхийг зөвлөж байв. Хамгаалах малгай, шил, хантаазаа өмссөн бид чихэндээ бөглөөгөө зүүгээд орцгоолоо. Тус үйлдвэрийн ихэнх үйл ажиллагаа автоматжуулсан системээр явагдана. 

Баяжуулах үйлдвэрийн ажилтан "Технологийн дагуу металл үйлдвэрлэлийг дамжсан баяжмалыг шүүн агуулах, түүнээс конверын системээр савлагааны хэсэгт савлаад тээвэрлэлтийн хэсэгт хүргэгдэнэ. Нэг ээлждээ 13 ажилтан, ахлах ажилтны хамтаар буюу нийт 14 хүн ажиллаж байгаа" хэмээн танилцуулсан юм.

Баяжмалыг тус бүр хоёр тоннын уутанд савлана. Мөн сав бүрээс дээж авч, лабораторид шинжлүүлэн баталгаажуулдаг байна. Ийнхүү баталгаажсанаар зэсийн баяжмалыг урд хөрш рүү экспортод гаргахад бэлэн болно. Оюутолгойн уурхайн талбараас 80 километрийн зайд БНХАУ-ын хил бий. Энэ хүртэл тээвэрлэх жолооч нарыг уурхайн "Эрчим" кемпэд тусгаарлах байрлуулдаг аж. 

Баяжуулах үйлдвэр 2021 онд 150-180 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд оны эцсийн тайлан гарах үед үүндээ хүрсэн байна гэж үзжээ. 

ФОТО: 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг