Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Лос-Анжелес хотод цагдаагийн бууны тэнэсэн суманд 14 настай охин өртөж, амиа алдсан хэргийг шалгаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт АНУ-ын Лос-Анжелес хотын нэгэн худалдааны төвд цагдаа нар ажиллагаа явуулах үеэр хувцас солих өрөөнд байсан 14 настай охин тэнэсэн суманд оногдож, амиа алдсан юм.

Бусдын биед халдсан хэргийн талаар дуудлага авсан цагдаа нар худалдааны төвд сэжигтнийг буудах үеэр тэнэсэн сум хувцас солих өрөөний ханыг нэвтэлсэн байна.

Сэжигтэн нэгэн эмэгтэйн биед халдаж, толгой, гарыг нь гэмтээхдээ металл гинжээр зэвсэглэсэн байсан гэнэ. Цагдаа нар 24 настай Даниэл Элена Лопезыг онц аюултай, зэвсэглэсэн этгээд гэж үзээд газар дээр нь буудан хөнөөжээ.

Харамсалтай нь энэ үеэр хувцас солих өрөөнд байсан 14 настай Валентина Ореллана-Пералта тэнэсэн суманд оногдож, газар дээрээ амьсгал хураасан байна.

Ореллано-Пералта тухайн үед 15 насныхаа төрсөн өдөрт зориулж хувцас худалдаж авахаар ээжийн хамт үйлчлүүлж байжээ.

Өчигдөр буюу Даваа гарагт Лос-Анжелес хотын цагдаагийн газар хэрэг гарах үеэр цагдаагийн офицерын энгэрт зүүсэн камерын бичлэг, радио холбооны яриа, 911 дугаарт ирсэн дуудлага, дэлгүүрийн хяналтын камерын бичлэг зэргийг нийтэд ил болгосон байна.

Лос-Анжелес хотын цагдаагийн газрын дарга Мичел Мур санамсаргүй хүний амь хөнөөсөндөө уучлал гуйсан юм. Ажиллагаанд оролцож, гал нээсэн цагдаагийн офицерыг түр амрааж, хэргийг нарийвчлан шалгаж байгааг тэр өчигдөр мэдээлжээ.

“Эмгэнэлт хэргийн мөрөөр шалгах ажлыг нээлттэй, ил тод явуулж,  хохирогчийн ар гэрийнхэнд болон олон нийтэд аль болох дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн төлөө ажиллахаа би амлаж байна” гэж Мур хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Мөрдөх ажлыг Калифорни мужийн ерөнхий прокурорын газар хариуцахаар болжээ.

Цагдаа нарын суманд гэмгүй хүүхэд өртсөн энэхүү эмгэнэлт явдал АНУ-ын олон нийтийг бухимдуулж, нэлээд шүүмжлэл дагуулаад байна.

“Сэжигтэн зэвсэгтэй эсэхийг бүрэн мэдээгүй байхдаа олон хүн цугларсан газарт цагдаагийн ажилтнууд гал нээснийг зөвтгөх арга алга” гэж АНУ дахь Латин гаралтай иргэдийн холбооны тэргүүн Доминго Гарсиа мэдэгджээ.

2021 онд Лос-Анжелесын цагдаагийн газар нийт 18 хүний амийг хөнөөсөн нь 2020 оны долоон тохиолдолтой харьцуулахад огцом өссөн хэрэг юм байна.

Эх сурвалж: The Guardian