Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хашчулуун: Зээл хойшлуулж биш томоохон төслүүдээ хөдөлгөж эдийн засгаа дэмжих нь зүйтэй

ikon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдийн засагч Ч.Хашчулуунтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 6 сараар хойшлуулах тухай ярьж эхэллээ. УИХ-аар эцэслэгдэх байх. Хойшлуулах нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

- Ипотекийн зээл болон бусад төрлийн зээлүүд ялгаагүй санхүүгийн зах зээлийн суурь байдаг. Тухайн зээлүүдийг барьцаалсан үнэт цааснууд санхүүгийн зах зээл дээр гардаг. Энэ нь манай зах зээлийн маш том хувийг эзэлж байна. Тухайлбал ипотекийн зээлийн үлдэгдэл нь 4 их наяд төгрөг давсан байх жишээтэй. Тэгэхээр ипотекийн төлбөрийг дахин хойшлуулна гэдэг нь санхүүгийн зах зээлийн суурь нөхцөлийг нурааж байгаатай ижилхэн болно. Яг ийм нөхцөл байдал 2007 оны АНУ-д асар том санхүүгийн хямралыг бий болгож, энэ нь улмаар дэлхийн хямрал болж хувирсан байдаг. Үндсэндээ зээл дээр суурилсан үнэт цаасны зах зээлийг нураах аюултай шийдвэр болж болзошгүй. Одоогийн манай эдийн засагт ганц гайгүй ажиллаж байгаа нь санхүүгийн зах зээл. Гэхдээ нэлээн хүндрэх талтай болчихсон байгаа учраас ипотекийн зээлийг хойшлуулах нь санхүүгийн зах зээлд хямралыг бий болгоно. Эдийн засагт ковидын хямрал, ложистикийн хямрал, инфляцын хямрал дээр нэмэгдэж санхүүгийн зах зээлийн хямрал бий болбол бүхэлдээ туйлын хүнд байдалд орох гээд байна.

- Өрхийн санхүүгийн байдал талд ямар нөлөөтэй байгаа вэ. Сүүлийн жилд иргэд  илүүдэл нөөцөөрөө эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд хийх хандлага нэлээн ажиглагдлаа?

-Эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд ажилгүйдлийг бууруулах зэрэг бусад төрлийн зээл нэлээн олгосон байгаа. Энэ нь хүмүүсийн гар дээр очсон. Өрхүүдийн зүгээс бодлогын хүү доогуур байгаа нөхцөл байдлыг ашиглаад асар их хэмжээгээр койн зэрэг бусад эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгөө оруулж байна. Энэ нь иргэдийн санхүүг хүнд, аюултай байдалд оруулж байна. Эхнээсээ зарим койнуудын үнэ унасан нь амьдрал, амьжиргаанд нь хохирол учруулсан байгаа. Тэгэхээр цаашид ийм байдлаар зээлийн төлбөрөө хойшлуулж, койн зэрэгт хөрөнгө оруулах боломж олгож байгаа нь асар том санхүүгийн эрсдэлд оруулж байгааг санах хэрэгтэй.

- Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлж буй бодлогуудаа иргэдийн амьжиргааг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байгаа. Зээл эргэн төлөлтийг хойшлуулахгүйгээр иргэдийн хэрэглээ, амьжиргааг дэмжих ямар өөр гарцууд бий вэ?

-Бид ковидын нөхцөлөөс аажмаар гарах шаардлагатай. Тухайлбал энэ жил эдийн засгийн өсөлт эерэг болсон. Эдийн засгийн таатай нөхцөлүүд дэлхийн зах зээлээс бүрдэж байна. Гэхдээ эдийн засгаа халамжийн бодлогоор тэтгэх нь оновчтой биш гэдэг нь бүх талаасаа харагдаж байгаа. Ажил эрхлэлтийн хувьд гэвэл халамжийн мөнгө авсан хүмүүс ажилд орох сонирхол багатай байна. Нөгөө талаасаа манай эдийн засагт инфляцын асуудал гарч ирж байгаа. Энэ нь тарааж буй мөнгөтэй тодорхой хэмжээнд хамаатай. Өрхийн орлогыг дэмжихийн тулд хамгийн чухал зүйл нь томоохон төслүүдээ эхлүүлэх. Манай эдийн засаг цөөхөн тооны уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, үндсэндээ тэрний орлогоор л халамжийг тэтгэж, бусад төрлийн ажлуудаа санхүүжүүлж байна. Энэ нь хэмжээ хязгаартай гэдгийг хэлэх хэрэгтэй. Урд хөршийн зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний хувьд одоохондоо уналтад ороогүй ч үл хөдлөх, IT, барилгын салбар нь бүхэлдээ хямраад байна. Тэгэхээр эдийн засаг нь удаашрах аюултай болж байгаа.

Тиймээс бид урд хөршийн зах зээлийг хэтэрхий оптимист байдлаар харж, түүн дээр нь суурилсан халамжийн бодлого хэрэгжүүлнэ гэдэг нь санхүүгийн хувьд бүтэхгүй байх магадлалтай болж байна. Үүнийхээ оронд боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлж, хүнд аж үйлдвэрүүдийн төслүүдээ эхлүүлэх нь чухал. Зах зээлийн үнэ таатай байгаа энэ үед чадахгүй бол боловсруулах салбарыг дахиж босгох боломж гарахгүй байх. Хоёрдугаарт, ингэснээр олон ажлын байрыг бий болгож чадна. Тухайлбал нефтийн үйлдвэрийг түрүүлж ашиглалтад оруулснаар 1-2 мянган ажлын байр, зэс хайлуулах зэрэг бусад үйлдвэрүүдийн хувьд 2-3 мянган ажлын байр гэж аваад үзвэл ойрын хугацаанд том бүтээн байгуулалтууд дээр 10-15 мянган ажлын байр бий болох боломж харагдаж байна. Энэ нь эдийн засгийг сэргээх бодит алхам, түлхэц болно. Халамжийн бодлогоор бус ажлын байр, хөрөнгө оруулалтаар эдийн засгаа дэмжих боломж байгаа гэж үзэж байна.