Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тусгаарлалтын хугацааг богиносголоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Шинж тэмдэг илрэлгүйгээр коронавирусийн халдвар авсан иргэдийн тусгаарлах хугацааг богиносгох зөвлөмжийг АНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв CDC өчигдөр гаргажээ.

Халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүд өмнө нь 10 хоног тусгаарлагдах үүрэгтэй байсан бол одоо 5 хоног тусгаарлагдаж, дараагийн 5 хоногт бусад хүмүүстэй харилцахдаа амны хаалт зүүх ёстой болж байна.

Мөн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс халдвар авбал шинж тэмдэг илэрсэн эсэхээсээ үл хамааран тусгаарлагдах хугацаа нь 5 хоног болж, нэмэлт 5 хоног амны хаалт зүүх ёстой болжээ.

Харин вакцинжуулалтад бүрэн хамрагдсанаас гадна нэмэлт буюу гурав дахь тунд хамрагдсан бол тусгаарлагдах шаардлагагүй, халдвар илэрснээсээ хойш бусадтай харилцахдаа 10 хоног амны хаалт зүүх хэрэгтэйг CDC зөвлөсөн байна.

Ямар ч тохиолдолд шинж тэмдэгтэй халдвар авсан хүмүүсийн бие нэгэнт сайжирсан бол 5 хоногийн дараа тусгаарлалтаасаа гарч болохыг зөвшөөрчээ.

Вакцины хамгаалалт үр дүнтэй байгаатай уялдуулан тусгаарлах хугацааг богиносгож байгаагаа CDC тайлбарласан байна.

“Өмнөд Африк, Их Британиас авсан тоо баримтаас үзвэл mRNA төрлийн вакцины хос тунгийн халдвараас хамгаалах чадвар 35 хувьтай байна. Нэмэлт тун уг үзүүлэлтийг 75 хувь болгон нэмэгдүүлж байна. Covid-19 өвчний хүндрэл, эндэгдлийн эрсдэлийг вакцин бууруулдаг нь улам бүр батлагдаж байгаа. Тиймээс бид 5 ба түүнээс дээш настай хүмүүст вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг, 16 ба түүнээс дээш настай хүмүүст нэмэлт тунд хамрагдахыг уриалж байна. Вакцинжуулалт бол өөрийгөө хамгаалах, бусдын өвчлөлийг бууруулах хамгийн сайн арга юм” гэж CDC мэдэгдэлдээ өгүүлжээ.

 

Эх сурвалж: CNN