Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Хүн төвтэй хөгжлийн бодлогыг социал демократ үзэл баримтлал гэж болно

ikon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Syndicate Talk” нэвтрүүлэгт зочноор оролцож дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь улс төр сонирхогчдын анхаарлыг багагүй татаж байна.

Саяхан 30-р Их хурлаа хийж, МАН социал демократ үзэл баримтлал бүхий нам байна гэж тунхагласан. Тэгвэл энэ удаагийн ярилцлагаараа Д.Амарбаясгалан улс төрийн намууд шинэчлэгдэх ёстой гэдгийг онцолж, социал демократ үзэл баримтлалынхаа талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Тэрбээр “Өнгөрсөн 30 жилд улс төрийн намуудын гаргасан хамгийн том алдаа өөрсдөө төлөвшиж чадаагүй. Үүнээс үүдээд намуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг асар их суларсан. Үүнийг дагаад олон нийтийн итгэл, үнэмшил унаж, үнэлгээ байхгүй болжээ. Эцэст нь парламентын ардчилсан тогтолцоогоо алдах хэмжээнд хүртэл эрсдэл үүсгэсэн. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих хандлага олон нийтийн дунд улстөрчдийнхөөс илүү хүчтэй болох хандлага ажиглагдаж байна. Энэ бол улс төрийн намууд хариуцлагагүй байгаагаас шууд хамааралтай. Олон намын тогтолцоо, ардчилсан парламентаа хамгаалж үлдэх ёстой. МАН үүн дээр анхаарч ажиллаж байгаа. Мэргэжлийн, мэргэшсэн улс төрийн институт болж улс төрийн намуудын нийтлэг нэр хүндийг сэргээх, хариуцлагыг дээшлүүлэх, нийгэмд хүлээж буй үүргээ гүн ухамсарлаж ойлгох шаардлагатай байна” хэмээн ярьжээ.

Мөн “Монгол Ардын Намын хувьд үзэл баримтлал нь анхнаасаа зүүн төвийнх байсан, одоо ч байгаа. Үүнийгээ ч маш тодорхой зарласан. Хүн төвтэй хөгжлийн бодлогыг социал демократ үзэл баримтлал гэж болно. Хүн хорвоод мэндлэхдээ олон эрх, үүрэг, дагасан хариуцлагатайгаа ирдэг. Энэ бүхнийг өргөн хүрээгээр нь агуулж, тэр хэрээр хамгаалах шаардлагыг бий болгодог үзэл санаа социал демократ үзэл баримтлалд илүүтэйгээр тусгагддаг. Нөгөө талаас монголчуудын зан заншил, ёс суртахуун гээд олон зүйл дээр нийтийн хамтач үзэл давамгайлдаг. Энэхүү хамтач үзлийн үндэс нь социал демократ үзэл баримтлал гэж бид үздэг. Орчин цагийн залуус социал демократ ба либерал үзлийн ялгааг өндөр түвшинд ойлгож ялгадаг болсон. Ийм цаг дор бид өөрсдөө өөрчлөгдөхгүй бол хоцрогдож эхэлсэн. Тиймээс бид “Сайн байна уу? Бид Монгол Ардын Нам. Манай үзэл баримтлал социал демократ” гэж зарлан, өөрсдийгөө сонгодог социал демократ нам гэж маш тодорхой тунхагласан” хэмээсэн байна. Д.Амарбаясгалангийн ярилцлагыг үзэхэд МАН сүүлийн жилүүдэд судалгааны байгууллагуудаа хөгжүүлэх дээр анхаарч, судалгаан дээрээ дөрөөлөн шийдвэр гаргаж  байгаа нь ялалтуудынх нь нууц гэдгийг тодотгожээ.