Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн апартейд дэглэмийн эсрэг тэмцэгч Десмонд Туту 90 насандаа таалал төгслөө

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн апартейд дэглэмийн эсрэг тэмцэгч, Нобелийн шагналт хамба лам Десмонд Туту 90 насандаа таалал төгссөнийг Ням гарагт ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.

Загалмайн шашны Англикан сүм хийдийн тэргүүн Туту нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дэлхий дахинд хамгийн сайн танигдсан иргэдийн нэг байв.

Тэрбээр 1948-1991 онд тус улсад оршин тогтнож байсан арьс өнгөөр ялгаварлагч апартейд дэглэмийн эсрэг тууштай тэмцэгч байжээ. Түүхийн энэ үед Өмнөд Африкийн хүн амын хар арьст олонх нь цагаан арьст цөөнхийн тогтоосон харгис хатуу дэглэмийн дор амьдарч байв.

Энэхүү тэмцлийнхээ төлөө Туту 1984 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байжээ.

Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Африкийн апартейд дэглэмийн сүүлчийн ерөнхийлөгч асан Де Клерк 85 насандаа таалал төгссөн юм.

Нелсон Мандела зэрэг тэмцэгчид шоронд хоригдож байх үед Десмонд Туту л апартейд дэглэмийг хүчтэй шүүмжилж, хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэж, тэдний дуу хоолойг дэлхий нийтэд хүргэж байсан гэдэг.

1994 онд Мандела Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч болсны дараа апартейд дэглэмийн үед үйлдэгдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах хороог Туту тэргүүлж байжээ.

 

Гэхдээ тэр апартейд дэглэмийн дараа Өмнөд Африкийн төрийн эрхийг авсан Африкийн Үндэсний Конгресс намын засгийн газрыг хүчтэй шүүмжлэгч болсон юм. 2011 онд Далай ламын айлчлалыг цуцалбал Туту тус намын засгийн газрыг унагахын төлөө залбирахаа анхааруулж байжээ.

Тухайн үед Өмнөд Африкийн үндэсний цагдаагийн газрын тэргүүн, генерал Беки Селе “Амаа хамхиад гэртээ сууж байвал таарна. Тэр ямар Есүс Христийн орлогч юм уу” гэж хэлж байсан гэдэг.

 

Олон үндэстэн угсаатны “Солонгон улс” (Rainbow nation) байгуулах мөрөөдөл нь талаар болсонд харамсаж явдгаа Десмонд Туту амьдралынхаа сүүлийн жилүүдэд ярьдаг байжээ.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Рамафоза түүнийг "шашны домогт удирдагч, апартейд дэглэмийн эсрэг цогтой тэмцэгч, дэлхийн хэмжээнд хүний эрхийг хамгаалагч" байсан хэмээн эмгэнэлдээ дурссан байна.

Нелсон Манделагийн Сангаас гаргасан эмгэнэлд Тутуг "Тэр бол сэтгэгч, удирдагч, хайрлан хамгаалагч, онцгой хувь хүн байлаа" гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама тэрбээр "ёс суртахууны луужин" байсныг дурссан байна.

 

Эх сурвалж: BBC