Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Астрономичид олон тооны “тэнэмэл” гарагуудыг сансрын уудмаас илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ямар нэг одыг тойрон эргэдэггүй, сансрын уудмын гүнд чөлөөтэй тэнэж байдаг бүлэг гарагийг нээснээ астрономичид зарлажээ.

Хэмжээний хувьд Бархасбадь гарагтай ойролцоо 70 гаруй “тэнэмэл” гараг Сүүн замын галакси дотор аялж байдгийг илрүүлсэн нь ийм төрлийн хамгийн олон гараг эрхсийг нээсэн тохиолдол болсон байна.

Scorpius, Ophiuchus оддын ордуудад байрладаг эдгээр гарагуудыг сансар болон дэлхийд суурилуулсан телескопуудын тусламжтай илрүүлжээ.

Ойр орчимд нь ямар нэг од байдаггүй тул ийм гарагийг илрүүлэх маш их төвөгтэй байдаг гэнэ.

 

ESO (European Southern Observatory) байгууллагын газрын телескопууд, Европын Сансрын Агентлагийн хиймэл дагуулын Gaia телескопоос авсан сүүлийн 20 жилийн мэдээллийг боловсруулсны үр дүнд Франц, Австрийн астрономичдын баг уг нээлтийг хийжээ.

“Сүүн замын галаксид ямар нэг одыг тойрдоггүй хэдэн тэрбум тэнэмэл гараг чөлөөтэй сэлгүүцэж байх боломжтой” гэж Францын Бордо хотын Астрофизикийн Лабораторийн судлаач Эрве Боуй мэдэгдсэн байна.

Ийм гарагууд өөрийн тойрдог байсан одноос ямар нэг шалтгаанаар түлхэгдэж салсан байх магадлалтай гэнэ. Мөн шинэ од үүсгэхэд хэтэрхий бага хэмжээтэй хийн бөөгнөрлөөс үүссэн байх магадлалтайг астрономичид мэдээлжээ.

Одоо астрономичид ESO-гийн ELT (Extremely Large Telescope) хэмээх аварга том телескопын мэдээллийг боловсруулж дуусгахыг хүлээж байгаа гэнэ.

Ингэснээр “тэнэмэл” гарагуудын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл олдох юм байна.

Астрономичдын судалгааны үр дүнг энэ долоо хоногийн “Nature Astronomy” сэтгүүлд нийтэлжээ.

 

Эх сурвалж: The Verge