Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Камбож улсын эрх баригч нам ерөнхий сайдынхаа хүүг дараагийн ерөнхий сайдад өргөмжлөхөөр шийдэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Хун Сен, Хун Манет нар

Өчигдөр Камбож улсын эрх баригч нам ерөнхий сайд Хун Сений ууган хүүг тус улсын ирээдүйн ерөнхий сайдаар томилохыг албан ёсоор дэмжжээ.

Гэхдээ сүүлийн 36 жилийн турш тус улсыг удирдаж буй Хун Сен хэзээ албан тушаалаа шилжүүлэх талаар ямар нэг хугацааг зарлаагүй байна.

Камбожийн Ардын Намын төв хороо 44 настай Хун Манетыг “дараагийн ерөнхий сайдад нэр дэвшигч” болгохыг 100 хувийн саналаар дэмжсэн тухай тус намаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Дэлхийн улсуудын төр засгийн тэргүүнүүдийн дотор хамгийн урт хугацаанд алба хашиж буй удирдагчдын нэг гэгддэг Хун Сен өмнө нь хүүгээ өөрийн залгамжлагч болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч хэзээ улс төрөөс зодог тайлах тухайгаа хэлээгүй юм.

Камбожийн эрх баригчид 2018 оны сонгуулийн өмнө сөрөг хүчний гол намаа тараасны үр дүнд нэг намын тогтолцоотой улс болж байв. Одоо 69 настай Хун Сен 1985 оноос хойш тасралтгүй Камбожийг удирдаж байгаа.

2023 онд тус улсад дараагийн сонгууль болно. Одоогоор Хун Сен ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх талаар мэдэгдээгүй байна.

Түүний ууган хүү Хун Манет нь 1999 онд АНУ-ын Уэст Поинт дахь цэргийн академийг дүүргэсэн. Одоо Камбожийн Эзэн Хааны Армийн дэд командлагчийн албыг хашдаг юм.

 

Эх сурвалж: Reuters