Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Найз залуугаа амиа хорлоход хүргэсэн эмэгтэйг АНУ-ын шүүх хүн амины хэрэгт буруутгажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Найз залуугаа байнга дарамталж, амиа хорлоход хүргэсэн Бостон Коллежийн оюутан асан эмэгтэйд АНУ-ын шүүх өчигдөр ял оноожээ.

Өмнөд Солонгост төрж, сүүлд АНУ-ын иргэн болсон 23 настай Инюн Юүг шүүх санамсаргүй хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгаж, 2.5 жилийн хорих ял, 10 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Гэхдээ тэр тэнсэн харгалзах ялын нөхцөлүүдийг зөрчихгүй бол 2.5 жилийн хорих ялаа эдлэхгүй юм байна. Үүнд сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээнд хамрагдах, нийгэмд тустай ажил хөдөлмөр эрхлэх зэрэг нөхцөлүүд орж байгаа ажээ. Энэ хугацаанд бас өөрийн холбогдсон хэргийг ашиг олох хэрэгсэл болгохыг нь хориглосон байна.

 
Уртула, Инюн Юү нар

Инюн Юү хоёр сарын турш найз залуу Александер Уртулагийн гар утсанд 47,000 орчим мессэж бичиж, дарамталсны улмаас 2019 оны тавдугаар сард амиа хорлосон юм.

Амиа хорлох үедээ Уртула 22 настай байжээ.

Гэмт хэрэгтэн эмэгтэй мессэждээ “үхвэл таарна, амиа хорлох хэрэгтэй” зэрэг үгсийг олноор бичиж байсныг мөрдлөгийн үеэр тогтоосон юм.

Хэргийн материалд тэдний 18 сар үргэлжилсэн үерхэл “эрүүл бус харилцаа” байсныг өгүүлжээ.

Үүнтэй төстэй өөр нэг хэрэг 2014 онд АНУ-д гарч байв. Массачусетс мужийн иргэн эмэгтэй Мишел Картер мессэж бичиж, утсаар залгаж дарамталсны улмаас найз залуу Конрад Рой нь амиа хорлож байжээ. Картер 2017 онд санамсаргүй хүний амь хөнөөсөн хэргээр 15 сарын хорих ял сонсож байв. Сүүлд HBO студи уг хэргээс сэдэвлэн кино бүтээж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press