Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын цагдаа нар боксын цохиурт нуусан  $30 саяын үнэтэй мансууруулах бодисыг илрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хар захын үнээр $30 сая хүрэх үнэтэй кристал метамфетамин хэмээх мансууруулах бодисыг боксын бэлтгэлд ашигладаг цохиуруудаас илрүүлснээ Тайландын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Цохиуруудыг Австрали улс руу экспортлох гэж байсан байна. Ийм төрлийн бараа бүтээгдэхүүн Австралийн зах зээлд эрэлт багатай байдаг тул хоёр улсын гаалийн ажилтнууд сэжиглэж эхэлснээр дотор нь нуусан их хэмжээний мансууруулах бодисыг илрүүлжээ.

Нийтдээ 193 кг метамфетаминыг 15 ширхэг цохиурт нуусныг илрүүлсэн байна.

Өчигдөр Бангкок хотод болсон хэвлэлийн хурлын үеэр гаалийн ажилтнууд цохиуруудыг задалж, дотор нь нуусан бодисыг сэтгүүлчдэд үзүүлжээ.

Хэвлэлийн хуралд оролцсон Австралийн хил гаалийн албаны төлөөлөгч Жоэл Каррутерс “Австрали улс жил бүр 11 тонн орчим метамфетамин хэрэглэдэг гэсэн тоо бий. Ийм зах зээлд нийлүүлэх гэж байсан мансууруулах бодисыг хилийн чанадад илрүүлж, хил нэвтрүүлэх ажиллагааг нь таслан зогсоосондоо баяртай байна” гэж ярьсан юм.

“Мөс” гэж бас нэрлэгддэг метамфетамины үйлдвэрлэл Тайланд, Лаос, Мьянмар улсуудын хил залгаа бүс нутагт голлон явагддаг ба энэ бүс нутгийг Зүүн Өмнөд Азийн хар тамхины “Алтан Гурвалжин” гэж нэрлэдэг.

Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт мансууруулах бодисын үйлдвэрлэл огцом нэмэгдсэн тухай НҮБ-ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх алба мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: Reuters