Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ зууны сүүлээр Солонгосын хойгт зуны улирал зургаан сар үргэлжилдэг болно гэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын цаг уурчид дэлхийн дулаарал Солонгосын хойгт яаж нөлөөлөхийг судалж, үр дүнг нь өчигдөр танилцуулжээ.

Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө их болон бага байх хоёр хувилбараар тооцоолсон байна.

Нөлөө их байх буюу хамгийн муу хувилбараар тооцоолоход Солонгосын хойгийн агаарын дундаж температур 2041-2060 онуудад Цельсийн 1.6-2.9 хэмээр нэмэгдэх бол 2018-2100 онуудад 2.3-6.3 хэмээр нэмэгдэх тооцоо гарчээ.

Үүний улмаас улирлуудын үргэлжлэх хугацаа бас өөрчлөгдөх гэнэ. Тухайлбал 21 дүгээр зууны сүүлээр зуны улирал одоогийн 97 хоногоосоо уртсаж, зургаан сар үргэлжилдэг болох ажээ. Энэ үед өвлийн улирал одоогийн дундаж болох 107 хоногоосоо богиносож, гурван сар хүрэхгүй урттай болох гэнэ.

Агаар мандал халж, чийгшил өндөр болсны улмаас хур тунадасны хэмжээ нэмэгдэх тооцоо гарсан байна.

Тодруулбал хур тунадасны хэмжээ энэ зууны дундуур одоогийнхоос 5-7 хувиар нэмэгдэх бол зууны сүүлээр 18 хүртэл хувиар нэмэгдэнэ гэж дүгнэжээ.

Харин дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй амжилттай тэмцэж чадсан тохиолдолд буюу хамгийн сайн хувилбараар тооцоолоход дээрх өөрчлөлтүүд эрс багасахаар байгааг Солонгосын Цаг Уурын Хүрээлэн мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times