Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварын голомт илэрсэн тул Хятадын 13 сая оршин суугчтай хотыг бүхэлд нь тусгаарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятадын Шаньси мужийн төв Сиань хотод коронавирусийн халдварын голомт илэрсэн тул 13 сая оршин суугчтай тус хотыг өчигдрөөс эхлэн гадаад ертөнцөөс тусгаарлажээ.

Лхагва гарагт Сиань хотын оршин суугчдыг бөөнөөр нь шинжилгээнд хамруулахад 127 халдварын тохиолдол илэрсэн юм. Өчигдрөөс эхлэн тус хотын оршин суугчид хүнс, өдөр тутмын хэрэгцээт бараа худалдаж авахаас бусад зорилгоор гэрээсээ гарах эрхгүй болоод байна.

Хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнийг зогсоож, зөвхөн онцгой тохиолдолд зөвшөөрөл олгож байгааг мэдээлжээ. Хөл хорих шийдвэр Лхагва гарагийн орой гарч, Хятадын ерөнхий сайдын орлогч Сүн Чунлан нөхцөл байдалтай танилцахаар өчигдөр Шаньси мужид очсон байна.

Хятадын эртний нийслэл Сиань хотын 14 дүүрэгт коронавирусийн халдвар тархсан нь Лхагва гарагт тодорхой болсон юм. Хамгийн анх тус хотын нэгэн их сургуулиас халдварын тохиолдол илэрч байжээ.

Одоогоор коронавирусийн ямар хувилбар илэрсэн тухай албаныхан мэдээлээгүй байна. Пүрэв гарагт Хятад даяар халдварын 71 шинэ тохиолдол бүртгэгдсэний 63 нь Сиань хотод илэрчээ.

Тус улсын эрх баригчид ирэх оны хоёрдугаар сарын 4-нд эхлэх Бээжин 2022 өвлийн олимпын наадмын үеэр коронавирусийн халдвар дэгдээхгүй байх зорилготой ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters