Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Өргөө” амаржих газрын ариун цэврийн өрөөг тэргэнцэртэй иргэд ашиглах боломжтой байдлаар бүрэн тохижуулжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN

Хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн эмнэлгээр үйлчлүүлэх нөхцөл байдлыг сайжруулж, “Өргөө” амаржих газрын ариун цэврийн өрөөг жишиг хэлбэрээр тохижуулах төслийг “Ийм БолГоё” хөдөлгөөний залуус Монгол дахь Германы ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. 

 

Нийслэлийн “Өргөө” амаржих газар нь харьяаллын дагуу Хан-Уул, Баянгол, Чингэлтэй болон Багахангай дүүргийн эмэгтэйчүүдэд үйлчилдэг бөгөөд жилд дунджаар 12,000 орчим эх амарждаг байна. Монгол Улсын хамгийн том төрөх эмнэлэгт тооцогддог тус байгууллага нийт 70 орчим ариун цэврийн өрөөтэй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй өрөө байгаагүй тул “Ийм БолГоё” хөдөлгөөн хүртээмжтэй, жишиг ариун цэврийн өрөөг тохижуулах бичил төслийг ийнхүү хэрэгжүүлж, арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгчээ. 

Уг арга хэмжээнд Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, хатагтай Регина Рутенберг, Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг болон бусад удирдлагууд болон “Ийм БолГоё” хөдөлгөөний багийн гишүүд оролцсон байна. “Төслийн хүрээнд мэс заслын дараах тасгийн нийтийн ариун цэврийн өрөөг тэргэнцэртэй иргэд ашиглах боломжтой байдлаар бүрэн тохижуулсан бөгөөд бусад төрөх эмнэлгүүдэд жишиг болно гэж бид найдаж байна” хэмээн төслийн багийнхан илэрхийлжээ.