Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч эхэлсэн тул он гараад үнээ буулгахыг импортлогчдод уриалж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр хоёр жилийн хугацаанд 2,000 гаруй гомдол ирсэн гэдгийг тус холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр хэлэв. Тэрбээр "Жолооч нар машин эвдэрлээ гээд бидэнд ханддаг. Үүнийг тодорхой ажил хэрэг болгоод аж ахуйн нэгжтэй уулзалт товлоход жолооч нар өөрсдөө төвөгшөөдөг. Гомдол гаргасан бол эцсийг нь хүртэл явах хэрэгтэй. 

Шатахуунаас шалтгаалж хамгийн ихдээ 12 сая төгрөгөөр хохирсон тохиолдол байна. Ланд 200 загварын машинтай жолооч Завхан аймгаас бензин хийхэд бензин насос нь шатаж, улмаар мотор нь цохисон. Нааш чирж ирэх зардал гарсан. Үүнийг худалдан авсан газраас нь дээж авсан тодорхой болгосон" гэлээ.

Улсын хэмжээнд шатахуун түгээх 1,400 гаруй станц, 114 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүний 14 компани нь манай улсын нөөцийн 85 орчим хувийг бүрдүүлдэг аж.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Дэлхийн зах зээл дээр үнэ өсөх үед импортлогчид үнээ нэмэхэд зах зээлийн зарчмаараа явсан. Одоо бол үнэ буурч эхэлж байна. Тиймээс он гараад нэг эсвэл хоёрдугаар сараас шатахууны үнийг буулгаж, хэрэглэгчдийг хохироох асуудлыг цэгцлэх хэрэгтэй импортлогч нартаа уриалж байна" гэлээ.

Шатахууны үнийн зөвлөлөөс арваннэгдүгээр сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэснээр дэлхийн зах зээл дээрх сүүлийн зургаан сарын үнийг дундчилж дотоодын үнийг тогтоохоор болсон юм. Мөн шатахууны үнийг нэмэх нэг удаагийн дээд хязгаар нь 100 төгрөг гэж тогтоосон билээ.