Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ коронавирусийн халдварыг гэрээр эмчлэх анхны эмийг хүлээн зөвшөөрлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа Covid-19 өвчний эмчилгээнд гэрээр хэрэглэж болох анхны эмийг хүлээн зөвшөөрчээ.

Paxlovid нэртэй уг эмийг Pfizer компанид үйлдвэрлэсэн юм. Өмнө нь зөвшөөрөгдсөн коронавирусийн эсрэг бүх эм тарих зориулалттай байсан бол Paxlovid нь уух боломжтой анхны эм болжээ.

Тиймээс гэрээр өвчнөө эмчлэхэд хамгийн хялбар шийдэл болж байгаа юм.

Paxlovid эмийн хувьд өндөр үр дүнтэй, сөрөг нөлөө багатайгаараа давуу юм байна.

Тухайлбал коронавирусийн халдварын улмаас хүндээр өвдөх, нас барах тохиолдлыг 90 хувийн үр дүнтэй бууруулдаг нь туршилтаар тогтоогджээ.

АНУ-ын Эм, Хүнсний Захиргаа Pfizer компанийн эмийг Covid-19 өвчний халдвар авч, шинж тэмдэг илэрсэн 12-оос дээш насны эрсдэлтэй бүлгийн хүмүүст хэрэглэх зөвшөөрөл өгсөн байна. Эрсдэлтэй бүлэгт өндөр настнууд, таргалалттай болон зүрх судасны өвчтэй хүмүүсийг тооцож байгаа юм.

Хүүхдүүдийн хувьд доод тал нь 40 кг жинтэй байх шаардлага тусгажээ. Шинэ эмийн олдоц эхэн үедээ муу байх төлөвтэй байна.

Эхний ээлжинд 180,000 багц Paxlovid эмийг дэлхийн олон оронд нийлүүлж байгаагаас 60,000-70,000 багцыг нь АНУ-ын засаг захиргаа худалдан авч, цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бүс нутгууддаа тараах юм байна. Үйлдвэрээсээ цөөн гарч байгаа нь үйлдвэрлэх хугацаа урттай холбоотойг Pfizer компани тайлбарлажээ.

Одоо үйлдвэрлэх хугацаа есөн сар орчим байгаа ч ирэх оноос хоёр дахин хурдасгахаар тус компани төлөвлөсөн байна.

АНУ-ын эрх баригчид нийт 10 сая багц эм авах гэрээ байгуулжээ. Pfizer компани ирэх онд нийтдээ 80 сая багц үйлдвэрлэх зорилготой байгаа гэнэ. Их Британи, Австрали зэрэг улсууд бас Paxlovid эмийг олноор худалдаж авах гэрээ байгуулжээ.

Вакцин тариулахыг эсэргүүцэж буй хүмүүст Paxlovid эм гол сонголт болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

АНУ-ын эрх баригчид нэг багц (курс) эмийг $500-аар худалдаж авч байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ нь таван өдрийн хугацаанд өдөр бүр хоёр удаа уух гурван эмээс бүрддэг гэнэ.

Эхний хоёр эм нь үндсэн Paxlovid бол үлдсэн нэгийг Paxlovid-ийн вирус устгах чадлыг нэмэгдүүлэх зорилгоор уудаг ажээ.

 

Эх сурвалж: Associated Press