Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсад коронавирусийн Омикрон хувилбарын дотоодод дамжсан анхны тохиолдлууд бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Япон улсад коронавирусийн Омикрон хувилбарын дотоодод дамжсан анхны тохиолдлууд бүртгэгдсэн тухай тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Тодруулбал Осака мужид илэрсэн халдварын гурван тохиолдлын эх үүсвэр тодорхойгүй байгаа тул дотоодод дамжсан тохиолдлууд гэж дүгнэсэн тухай эрүүл мэндийн сайд Шигэюки Гото мэдээлсэн байна.

Гурван тохиолдол нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд ойрын хугацаанд гадаадад аялсан түүхгүй байсан ажээ. Япон улс нь Омикрон хувилбарын тархалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх бүртгэгдсэний дараа гадаад хилээ хаах хатуу арга хэмжээ авсан юм.

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида ойрын хугацаанд хилээ нээх төлөвлөгөөгүй байгааг Мягмар гарагт үг хэлэхдээ мэдэгдэж байв.

Япон улсад цар тахал эхэлсэн цагаас хойш коронавирусийн 1.73 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, 18,391 өвчтөн нас бараад байна.

Токио 2020 олимпын наадмын үеэр тус улсад цар тахал оргилдоо хүрч, өдөрт 25,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд энэ тоо 200 хүрэхгүй хэмжээтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters