Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми коронавирусийн бүх хувилбараас хамгаалах универсаль вакцин бүтээж байгааг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын армийн мэргэжилтнүүд коронавирусийн бүх хувилбараас хамгаалах чадвартай универсаль вакцины эхний шатны туршилтыг дуусаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.

SpFN буюу Spike Ferritin Nanoparticle нэртэй энэхүү вакцины сармагчинд хийсэн туршилт сайн үр дүнтэй гарсан ба хүн дээр хийх эхний шатны туршилтын үр дүн энэ сард багтаж гарах тухай АНУ-ын армийн Уолтер Рид Судалгааны Хүрээлэнгээс саяхан мэдээлсэн байна.

Шинэ вакцин нь Covid-оос бусад төрлийн коронавирусүүдээс ч бас хамгаалах чадвартай тул ирээдүйд гарч болзошгүй шинэ цар тахлын эсрэг ашиглаж болох гэнэ.

Вакциныг “self-assembling protein nanoparticle” нэртэй шинэ платформыг ашиглаж бүтээжээ.

Одоо ашиглагдаж байгаа вакцинуудаас ялгаатай нь шинэ вакциныг тарихад хөлбөмбөгийн бөмбөг шиг 24 талтай молекулыг хүний дархлааны системд нэвтрүүлдэг гэнэ.

“Бөмбөг”-ний тал бүрд өөр өөр “spike protein” тогтоох боломжтой тул олон хувилбар вирусээс зэрэг хамгаалах чадвартай гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Сармагчин дээр хийсэн туршилтаар хоорондоо 28 хоногийн зайтай хос тун тарихад коронавирусийн Альфа, Бета, Гамма, Дельта хувилбаруудаас үр дүнтэй хамгаалж байгаа нь харагдсан байна.

Covid-оос гадна Sars төрлийн коронавирусийн халдвараас үр дүнтэй хамгаалдаг нь тогтоогджээ. 2002-2003 онд Sars-ийн вирус дэлхийн зарим улсуудад тархахдаа 774 хүний амийг хохироож байсан юм.

Тиймээс эрдэмтэд шинэ вакциныг “пан коронавирус”-ийн эсрэг вакцин гэж албан бусаар нэрлэжээ.

 

Эх сурвалж: Business Insider