Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн Омикрон хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлдэг нь эхний судалгаануудын үр дүнгээс харагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий даяар хурдтай тархаад байгаа коронавирусийн Омикрон хувилбарыг судалсан эхний ажлуудын тайлан өчигдөр Их Британи, Өмнөд Африк улсуудад нийтлэгджээ.

Омикрон нь коронавирусийн бусад бүх хувилбаруудтай харьцуулахад 30-70 орчим хувиар цөөн хүнийг хүнд хэлбэрээр өвчлүүлж, эмнэлэгт хандахад хүргэдэг нь эдгээр судалгаануудаас харагдсан байна.

Хэдийгээр хөнгөн өвчлүүлдэг ч гэсэн маш олон хүнд халдварлах чадвартай тул эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэл өндөр хэвээр байгааг судлаачид анхааруулжээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Их Британи улсад нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол анх удаа 100,000 давсныг өчигдөр албаныхан мэдээлсэн байна. Үүнд Омикрон хувилбар нөлөөлж байгаа юм.

Шотландад явуулсан судалгааны үр дүнгээс харвал Дельта хувилбарын тархалт эхлээд тодорхой хугацаанд 47 хүнийг хүндээр өвчлүүлж байсан бол ижил хугацаанд тархахдаа Омикрон хувилбар 15 хүнийг хүндээр өвчлүүлжээ.

Өөрөөр хэлбэл Дельтатай харьцуулахад Омикрон нь 60 гаруй хувиар цөөн хүнийг хүндээр өвчлүүлж байгаа нь эндээс харагдсан байна.

“Ихэнх хүмүүст халдварлахдаа хөнгөн хэлбэрээр өвчлүүлж буй нь сайн хэрэг. Гэхдээ халдвар авсан бүх хүн ядаж нэг удаа эмнэлэгт хандвал манай эрүүл мэндийн системд ямар их ачаалал үүсгэх нь тодорхой” гэж Эдинбургийн Их Сургуулийн профессор Марк Вүүдхаус ярьжээ.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хийсэн судалгаагаар Омикрон хувилбарын вирусээр халдварласан хүмүүс бусад хувилбаруудтай харьцуулахад 70-80 хувиар цөөн эмнэлэгт хэвтдэг нь харагдсан байна.

“Бидний цуглуулсан тоо баримтаас Омикрон хувилбар бусад хувилбаруудтай харьцуулахад хүмүүсийг хөнгөн өвчлүүлдэг нь харагдаж байна” гэж Өмнөд Африкийн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн профессор Шерил Коэн хэлжээ.

Лондон Империал Коллежийн судлаачид математик загварчлал гаргаж үзээд ямар ч дархлаагүй хүн Омикрон хувилбараар өвчлөхөд хүндрэх магадлал нь Дельтатай харьцуулахад 11 хувиар бага байна гэж тооцоолсон байна.

Харин дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн хувьд 25-30 хувиар бага байх бол эмнэлэгт нэгээс илүү хоног хэвтэж эмчлүүлэх магадлал 40 хувиар бага байна гэж тооцоолжээ.

Омикрон хувилбарын онцлогийг харуулсан илүү дэлгэрэнгүй судалгааны тайланг Их Британийн засгийн газрын Эрүүлийг Хамгаалах Агентлаг удахгүй нийтэд танилцуулах гэж байгаагаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC